Categories
мэдээ цаг-үе

Энэ жилийн наадмын дээл ямар загвартай байх вэ

Наадам хаяанд ирлээ. Үндэснийхээ баяраар гоёх хувцсаа хүмүүс аль хэдийнээс бэлдээд эхэлжээ. Тэгвэл энэ жилийн үндэсний баяр наадмаар ямар загвартай, ямар өнгийн дээл илүү эрэлт хэрэгцээтэй байгаа талаар сурвалжлахаар хэд хэдэн газраар орлоо. Үндэсний үйлдвэрлэгч, ноолууран бүтээгдэхүүнээр нь монголчууд төдийгүй гадныхны сайн танил болсон “Говь” компани наадамд зориулан нэлээд хэдэн загварын шинэ дээлийг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Тус компани таван жилийн өмнөөс наадмын шинэ загваруудыг гаргадаг болж уламжлал тогтсон. Энэ жилийн шинэ загваруудын онцлогийг принттэй хэмээн тодорхойлж байлаа. Принттэй гэдэг нь зурсан зургийг ноолууран нимгэн даавуун дээр хэвлэснийг хэлнэ.

Түүгээрээ янз бүрийн загвартай үндэсний хувцас үйлдвэрлэжээ. Баярын шинэ загварууд нь бас нэгэн онцлогтой болохыг тус компанийн мэргэжилтнүүд дурдсан юм. Шинэ загварын дээлнүүддээ тохирсон ноолууран шааль мөн бүрх малгайг дагалдуулжээ. “Говь” нь зурган хээтэй шаалийг хэдэн жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн. Харин бүрх малгайг энэ жил тусгай захиалгаар Японд хийлгүүлсэн юм байна. Түүнээс гадна монгол захтай, нимгэн тод өнгийн эмэгтэй цамц, ханцуйгүй дан дээл, ханцуй нь хоёр өөр өнгийн ноолууран даавуугаар хийсэн, хүннү захтай дээл зэргийг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Ханцуй болон захаараа торгон оруулгатай нимгэн хүрэм нэлээд эрэлт хэрэгцээтэй байна. Харин эрчүүдэд зориулан нимгэн ноолууран даавуугаар хийсэн монгол захтай богино цамцнуудаа бүрх малгайтай хослуулжээ. Энэ жилийн наадмын шинэ загварууд болох принттэй бүтээгдэхүүнээ “Говь” компани нь маш цөөхөн ширхгээр үйлдвэрлэсэн. Түүнийгээ үйлчлүүлэгчдэдээ хүргэх зорилгоор үйлдвэрийнхээ хажуу дахь төв дэлгүүртээ зургаан минутын загварын шоуг нэг өдөрт 3-4 удаа хийж байна. Хэрвээ та баяраар “Говь”-ийн бүтээгдэхүүнээр гоёх гэж байгаа бол энэ шоуг үзэж үндэсний хэв шинжийг агуулсан үндэсний хувцаснаас ямрыг сонгохоо шийдээрэй.

Үндэсний хувцсаар дагнадаг “Монгол костюмс төв”-өөр наадмынхаа гоёог хийлгэж байгаа хүмүүс цөөнгүй байлаа. Тэдний дунд олны танил болсон алдартнууд ч нэлээд бий. Тус төвийн ажилтнуудын ярьснаар баяраар үндэсний хувцсаар гоёх хүмүүс аль хэдийнээс захиалга өгч эхэлсэн гэв. Ингэхдээ голдуу хөнгөн, нимгэн материалыг сонгожээ. Үндэсний хувцасны бүх элементийг багтаасан мөртлөө нимгэн материалаар хийсэн дан дээлийг бүсгүйчүүд илүү их захиалсан байна. Наадмын дээлийг хийхээр тус төв нь энэтхэг сари, индонези даавуу болон торгон батик захиалан авчирчээ. Эдгээр даавуу нь торгоноос арай өөр, хөнгөн, халууцуулахгүй, биед эвтэйхнээрээ онцлогтой. Энэ жилийн наадмаар завсрын өнгөтэй дээлийг хүмүүс түлхүү сонгож байгаа гэнэ. Тод өнгөөр хийлгэж байгаа хүмүүс ч байгаа гэнэ. Ер нь монголчууд үндсэн өнгүүдийг сонгодог. Харин сүүлийн үед завсрын, уусмал өнгийг сонгож байснаа энэ жилээс эргээд үндсэн өнгө рүүгээ орох хандлага ажиглагдаж байна хэмээн “Монгол костюмс төв”-ийн үндэсний хувцас судлаач Г.Дамдиндулам ярилаа. Тод улаан, цэнхэр өнгийн дээл үргэлж эрэлттэй байдаг аж. Урт, богино, ханцуйтай, үндэсний дээл шиг захтай мөртлөө даашинзан загвартай хувцсыг үйлчлүүлэгчийнхээ эрэлт хэрэгцээнд тохируулан хийсэн нь маш сайн зарагдаж байгаа гэнэ. Харин энгийн загвартай дан дээл нь 200-250 мянган төгрөгийн үнэтэй. Залуухан эрэгтэйчүүд монгол захтай цамцыг илүү сонирхдог нь учиртай аж. Машинд суух, буух мөн морь унахад хормой нь саад болдоггүй, биед амар байдагтай холбоотой юм байна. Хүннү захтай дээл хийлгүүлдэг байсан бол энэ жилээс эргээд монгол хэмээн хүмүүсийн ярьдаг дөрвөлжин захтайг захиалах болжээ. Баярын өмнө батик даавуугаар хийсэн дээлүүд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаагаас гадна хүүхдүүддээ зориулан үндэсний хувцас нэлээд захиалдаг болсон гэнэ.

Үндэсний хувцсыг урладаг “Торго” салон энэ салбартаа үйл ажиллагаа явуулаад 16 жил болж байгаа. Тус салон нь 2016 оны үндэсний хувцасны каталогтоо 300 гаруй шинэ загварыг оруулжээ. Тиймээс наадмын дээлээ захиалах гэж байгаа хүмүүс түүнээс нь сонгон авах боломжтой байлаа. Сонгодог болон үндэсний хэлбэрийг хослуулан хийсэн загварууд нь хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа. Харин өнгөний хувьд цайвар цэнхэр, саарал, бор зэрэг завсрын өнгийг хүмүүс илүүтэй сонгож байгаа тухай тус салоныхон ярив. Наадмын гоёо болгон үндэсний хэв загварыг хадгалсан банзал, цамцны хослолыг захиалж түүндээ тохируулан эсгий болон төмрөөр хийсэн чимэглэлүүдийг хийлгэж болох гэнэ. Тус салонд Хятад, Тайландаас авчирсан хүр хорхойн сайн чанарын зуун хувийн цэвэр торгоор дээл хийлгүүлж ч болох юм байна. Наадмаар өмсөхөд зориулж силк, торон материалаар үндэсний хэв шинжийг хадгалсан цамц ч хийж байгаа гэнэ. Сүүлийн үед залуухан бүсгүйчүүд маань урт дээл ихэд сонирхох болжээ. Өнгө өнгийн цэцэг, монгол хээ, соно, галбингааг “Торго” салоны дээлнүүдээс л харах боломжтой. Тиймээс загвар зохион бүтээгч нь үйлчлүүлэгчидтэйгээ зөвлөлдөж байгаад тухайн хүнд тохирсон цорын ганц загварын дээл урладаг нь энэ салоны онцлог юм байна.

Б.Уранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *