Categories
мэдээ цаг-үе

Энэ жил тариаланчид арвин ургац хурааж магнай тэнийх нь

Ногоочдын магнай тэнийж тонн тонноор төмс хурааж байгаа бол тариаланчид тэнгэрийн таалалд талархаж улаан буудайгаа хугацаанаас нь өмнө ангилан хадаж эхэллээ. “Жаргалант харвест” компани 1800 га талбайд улаан буудай тарьжээ. Тариан талбайд ормогц буудайны өндөр нь дунд зэргийн нуруутай хүний мөрөөр татах аж. Энэ сарын эхээр бороо татарч, хэд хоногийн турш нар ээсэн болоод ч тэр үү улаан буудайн болц гүйцжээ. Уг нь бол тариаланчид есдүгээр сар гаргаад ургацаа хураадаг. Комбайн тариан талбайгаар тоос татуулсаар өнгөрөхөд алтран шаргалтах тариан түрүү ханаран унана. Энэ л дүр төрхийг харж зогсоо Р.Ууганбаяр тариаланчийг харахад юутай аз жаргалтай. Шанаа даган урсах хөлсөө шороотой гараараа шудраад комбайны гаргасан тариан мөрөөр гүйн очиж, ургацынхаа дээжийг нандигнан халааслаад  “Энэ жил нар, хур тэгширсэн үнэхээр сайхан зун болж, эх дэлхий өгөөжөө хайрлалаа” гэсээр өөдөөс угтав.  Өнгөрсөн хавар улсаас элит сортын үрийг тариаланчдад тонн тутмыг нь 800-900 мянган төгрөгөөр худалдсан. Тэгвэл Р.Ууганбаярын  “Жаргалант харвест” компани уг элит сортын үрээс авч тарьжээ. Улаан буудай эрт боловсорсон нь цаг агаараас гадна элит сортын үрийн онцлогт оршиж байгаа гэнэ. Хурдан боловсрохоос гадна цутгалт сайтай, дээд зэргийн чанартай улаан буудай ургадаг аж. Одоогийн байдлаар тус компани га-гаас 20 центнер буюу хоёр тонн улаан буудай хурааж авч байгаа гэнэ. Монголд цөөхөн байдаг есөн метрийн урт хадууртай “Challenger” талбайд тоос татуулна. Тус комбайн хог хаягдал бага гаргадаг байна. Эдний хувьд ангилан хадах аргаар тариагаа хурааж байгаа. Учир нь тарианы иш өндөр ургасан. Хэрвээ богинохон иштэй бол шууд хадах арга замаар тариагаа хураадаг бололтой. Гэхдээ энэ нь их хаягдал гаргах магадлалтай аж. Элит сортын үрийг хойтон жил гаднаас үнэтэй авч байхаар дотоодын компаниуд өөрсдөө үрээ улсад нийлүүлэх сонирхолтой байгаа гэсэн. Р.Ууганбаяр гэхэд л “Энэ жил манайх 3000 тонн үр улсын нөөцөд худалдах бодолтой байна” гэв. Ингэснээр хэн, хэндээ ашигтай аж. Элит сортын үрээ тариаланчид тонныг нь 500 мянгаар худалдах бодолтой байгаагаа ҮХАА-н дэд сайд Ц.Туваанд  илэрхийлж байв. Ингээд Сүмбэр сумыг зорилоо. Мөн л тариаланчид нь ангилан хадалт хийгээд эхэлчихэж. Сүмбэр сумын хувьд газар нутгийн хэмжээ багатай учраас 10700 га талбайд тариалалт хийжээ. Харин Засаг дарга Р.Билэгсайханы яриагаар бол хадлангийн газаргүй гэнэ. 37 мянган толгой малтай учраас Баруунхараа, Орхонтуул зэрэг зэргэлдээх нутгуудаас туслалцаа авдаг бололтой. Сүмбэр суманд саяхан алт гарсан сургаар энэ тэндээс хэдэн мянган хүн цугларч хөрсийг нь самрах шахсан. Тэгвэл эдгээр нинжа нарыг тарааж, алт гарсан гэх уулыг лиценз эзэмшигч Оросын компани мэдэлдээ авчээ. Засаг дарга Р.Билэгсайхан “Арав гаруй аймгаас цугларсан алтны нинжа нэртэй өчнөөн мянган хүнийг гурван удаагийн оролдлогоор албадан тараасан. Үнэхээр аюулын түвшинд хүрчихсэн байсан. Ухсан шороогоо булаацалдаад эмэгтэй хүний хацрыг урчихсан хэрэг гарсан. Гэтэл өнөөх эмэгтэй нь хацрынх нь арьс урагдаад унжчихаад байхад буцааж наагаад нүх рүүгээ шороо ухах гээд орно гэдэг юу гэсэн үг вэ. Цаг алдсан бол үүнээс ч аймаар хэрэг гарах нөхцөл бүрдчихсэн байсан” гэв. Харин одоо орон нутгийн иргэд тайвширч тариа, ногооныхоо ажилд гараад байгаа гэсэн. Гэхдээ тус газрын зөвшөөрлийг цуцалж улсын мэдэлд өгөх эсэхээ удахгүй сум, аймгийн удирдлагууд хуралдаж шийдвэр гаргах бололтой. 

Төв аймгийн хэмжээнд нийт 66 мянга гаруй га талбайд тариалалт хийснээс 80 орчим хувьд нь улаан буудай  тарьсан бай­на. Цээл, Аргалант, Эрдэ­нэсант, Борнуур, Жаргалант, Угтаалцайдам, Сүмбэр зэрэг ихэнх сумдад ургацын гарц сайн байгаа аж. 

Харин Сэлэнгийн тариаланчид хараахан ангилан хадалтад ороогүй байна. Хур бороо ихтэй байгаа учраас тариа алаг цоог болцтой байв. Харин “Гацуурт”, “Арвин хур” зэрэг томоохон компаниуд дэвшилтэт технологи ашигласны үндсэн дээр улаан буудайн гарц сайнаас гадна зэрлэг гэх юмгүй ургажээ. Аймгийн хэмжээнд тариа, ногоо хураалтад 100 хувь бэлтгээд байгаа аж. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат “Манай аймаг нийт 164 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 138 мянган га-д улаанбуудай, үлдсэн талбайд тос, тэжээлийн ургамал тарьсан. Урьдчилсан балансаар бол өмнөх жилийнхээс хэд дахин их ургац авах төлөвлөгөөтэй байна” гэсэн товч мэдээлэл өгөөд авлаа.  Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуураар байрлах тариалангийн талбай бүрийн хажууд будаа хадгалах элеватор харагдсан. Ийм бетон элеватор ҮХАА-нд 180 мянга гаруй тонн хадгалах нөөцтэйгөөр байгаа юм билээ. Ер нь бол хоёр, гуравхан жилийн өмнө тариаланч ч тэр, улс ч тэр будаа хадгалах сав хомс, тариагаа их хэмжээгээр нь нөөцөлж чадахгүй хөгцрүүлж хаях тохиолдол их гардаг байлаа. Тэгвэл энэ зовлон нэгэнт ард хоцорчээ. Тариаланчид хувийн өмч гэлтгүй үнэхээр хөдөлмөрлөдөг, хийж буй ажилдаа сэтгэл гаргаж ажилладаг болж. Үнэхээр улсаас тийм дэмжлэг, ийм дэмжлэг хэрэгтэй байна гэх үг амнаасаа унагаах тариаланч таарсангүй. Харин тийм бололцоог олговол өөрсдөө, орон нутагтаа тийм үйлдвэр барьж босгоё гэх хүн олон тааралдсан. Хувь хүмүүсээс гадна “Гацуурт”, “Арвин хур” гэх томоохон компаниуд хөдөө аж ахуйн салбарт том орон зай эзлэх болсон нь тод харагдсан. Газар тариалангаас гадна мал үржүүлгийн аж ахуй, өвс хадлан бэлтгэх, зөгий үржүүлэх гээд хийхгүй ажил тэдэнд алга. Ингэхдээ орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийдэг бололтой. “Арвин хур” компанийн асар том усалгааны систем гэхэд л Монголдоо анхдагч төдийгүй ганцхан гэгдэх систем. Тус компани улаан буудайнаас гадна рапс тарьж ургамлын тос хийх болжээ. Нэг литрийн савлагаатай “Арвин хур” тос 10 мянган төгрөгөөр хотын сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаад эхэлжээ. Герман технологийн дагуу хийж буй уг тос цэвэр гэдэг утгаараа бага зэрэг үнэтэй юм байна. Эдний хамгийн том зорилт бол уг тосыг экспортлох аж. Өдөрт 200 литр тос одоогоор үйлдвэрлэж байгаа талаар үйлдвэрийн ажилтан ярьсан. Ийм л бүтээн байгуулалт, шинэ ажлууд хөдөөд ид өрнөж байна. 

Сэлэнгийнхний хувьд дотоодын улаан буудайн хэрэгцээний 60 хувийг хангадаг гэхэд болно. Мөн хүнсний ногооны дийлэнх хувийг тус сумын Шаамар зэрэг нэр бүхий сумд нийлүүлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд ашиг багатай, ажиллагаа ихтэй гээд ногоочид тариа болон зөгийн аж ахуй руу урвах болсон байна. Энэ жил гэхэд 100 гаруй ногоочин зөгийн аж ахуй руу оржээ. Уг нь энэ аж ахуй хэрэгтэй ч хэтдээ хүнсний ногооны хомсдолд орж, ёстой л урдаас орж ирсэн ногоогоор бөмбөгдүүлэх вий гэсэн айдас аймгийн удирдлагуудыг түгшээх болжээ. Мөн Зүүнхараа, Баруунхараа зэрэг нутгаар ургадаг “Жиргэвэр үү, дэргэвэр үү” гэх ургамал асуудал дагуулах болжээ. Энэ ургамалыг хятадууд их хэмжээгээр авдаг бөгөөд монголчуудаас багагүй мөнгөөр худалдаж авдаг байна. Эсвэл өдөрт хэдэн төгрөг өгөөд түүлгэдэг гэнэ. Чөдөр өвстэй төстэй уг ургамлыг юунд хэрэглэдэг нь одоогоор тодорхой бус байгаа ч ургамлын цэцэг бус үндсийг нь ашигладаг юм байна. Үндэс нь газрын гүнд 20-30 см гүн ургадаг учраас газрын хөрсийг ихээр гэмтээдэг аж. Иймэрхүү ганц нэг зовлонг эс тооцвол Сэлэнгийнхэн сэрүү орохоос өмнө тариа, ногоогоо хураах гээд тун ч завгүй байна. 

Д.ДАВААСҮРЭН  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *