ХХААХҮЯ-ны ургацын комисс өнөөдөр хуралджээ. 2016 онд улсын хэмжээнд 377.2 мянган га-д үр тариа тарисан байна. Үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, зэргээр нийтдээ 495.9 мянга га-д тариалалт хийсэн билээ. Одоогийн байдлаар энэ намрын ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа хураан авахаар тогтоосноо ХХААХҮ яам өнөөдөр мэдээллээ. Нийт үр тарианаас 482.1 мянган тонн буудай, 174,7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32,5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал байх юм.
Тариалангийн үндсэн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон зэрэг долоон аймагт зуншлага сайн байсан нь ургацад эерэгээр нөлөөлсөн гэж ургацын комиссынхон дүгнэжээ. Ингэснээр тариалангийн бүс нутгуудаас нэгж тус бүрээс 13-17 цн хураан авах боломжтой болж байгаа юм.
Харин байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас 20 мянган га талбай ургац алдсан. Болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэн ингээд нийтдээ 21 мянган га талбайн ургац балансад ороогүй аж.
УРГАЦ ХУРААЛТЫН ТЕХНИКИЙН БАЙДАЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА
Намрын ургац хураалтанд үр тариа хураах 1153 комбайн, 533-н ангилан хадагч, төмс хүнсний ногоо хураагч 507, үтрэмийн техник, тоног төхөөрөмж 744 ажиллах юм. Үүнээс одоогоор техникийн бэлэн байдлыг улсын хэмжээнд 85 хувьтай хангажээ. Ургац хураалтын ажилд зургаан мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гараад байна. Энэ шатахууныг тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлэсэн.
Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, масс ихтэй байна. Мөн 8, 9-р сард хур тунадас ахиу орж, эрт сэрүүсэх төлөвтэй байгаа тул ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг тариаланчдад хүргэж эхэлжээ. Зөвлөмжийг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулсан байна.
ГУРИЛЫН ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ БУУДАЙН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай үтрэм дээр бууж, цэвэр жингээр 462.1 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байна. Үүнээс 2017 оны тариалалтанд зориулан 45.6 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 7.5 мянган тонн, тэжээлд 22.8 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.3 мянган тонныг тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Ингээд гурилын үйлдвэрлэлд нийтдээ 375. 7 мянган тонн буудай нийлүүлэгдэх юм.
Монгол Улс жилд 320 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудайгаар гурилны хэрэгцээгээ хангадаг. Харин балансаас харахад энэ хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах нөөц бүрдэнэ.
ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ