Коронавирусийн халдвар авсан нэг иргэний эмчилгээний зардал 8 сая төгрөг болж байна гэсэн тооцоог ЭМЯ-наас 2020 оны нэгдүгээр сард гарган, олон нийтэд мэдээлж байна. Халдварын тархалт газар авснаар одоо эмнэлэгт хүнд, маш хүнд болон хүүхэд, жирэмсэн эх, ахмадууд, архаг суурь өвчтэй иргэдийг хүлээн авах болсноо мэдэгдэж байгаа юм. Энэ үед халдвар авсан нэг иргэний эмчилгээнд ямар төсөв зарцуулж байгааг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид салбарын сайдаас тодруулсан юм.
ЭМ-ийн сайд С.Энхболд, 2020 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр U-07 буюу хүнд, нэн хүнд өвчтэй хүний эмчилгээг санхүүжүүлэх оношийн бүлгийг нэмж, энэ санхүүжилтээр ковидоор хүндэрч эрчимт эмчилгээний тасагт 45 хоног хэвтэн эмчлүүлээд гарах үед 8 сая төгрөгийн зардал гарч байна гэж тооцсон. Энэ 8 сая төгрөгийн тооцоонд тухайн эмнэлгийн ор хоног, цахилгаан, эмч, ажилчдын цалин зэрэг урсгал зардлууд орсон.
Коронавирусийн халдвар авсан иргэдийг хөнгөн, хүнд, маш хүнд зэрэг ангиллаас хамаарч эмчилгээний зардал 160 мянгаас 7.9 сая төгрөгт хэлбэлзэж байна. Маш хүнд учир уушги орлуулах ЭКМО аппаратад орж, 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч буй өвчтөн ч бий гэлээ.
Сайдын хариулт дээр ЭМЯ-ны төсөв хариуцсан мэргэжилтэн Мөнхжаргал тодруулга хийсэн бөгөөд тэрбээр “2021 оны эхний найман сарын байдлаар нийт эмчлүүлсэн 400 мянга орчим иргэдийн 0.3 хувь нь U-07 оношоор санхүүжилтээр эмчилгээ хийлгэсэн байна” гэж хариулав.
Ковидын халдвар авсан нийт иргэдийн 10 хүрэхгүй хувийг хүнд болон маш хүнд хүн эзэлж байгаа. Энэ бол Сэхээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүс юм. Өнөөдрийн байдлаар /2021.10.12/ улсын хэмжээнд маш хүнд 500 орчим, хүнд 2500 орчим хүн байна.