Categories
мэдээ нийгэм

ЭМЯ, ДЭМБ-тай хамтран дахин коронавирусийн оношлуурыг авахаар болжээ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица: “Дэлхийн хэмжээнд дэгдэлтийн тохиолдлын тоо нэмэгдсээр байна. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо 7,711, нас барсан хүн 170, эдгэрсэн хүн 124 болсон байна. Тохиолдлын тоонд нэг орон нэмэгдсэн нь Арабын нэгдсэн Эмират улс. Тус улсад дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн.

Тархалт идэвхтэй явагдаж буй улс болох Хятадын хилийн гарах цэг дээр хяналт шалгалт хийхийг зөвлөж байгаа. Өмнөх дэгдэлтийн туршлагаас харахад хил дээр нэвтрүүлж байгаа аргын үр дүн судалгаа тодорхой биш байгаа тул иргэд эмнэлэгт хандаж байгаа нь чухал мэдээлэл, судалгаа болж байгаа.

Тэгэхээр голомттой бүс нутгаас шууд нислэгээр ирж байгаа зорчигчдод хяналт тавих нь зүйтэй гэдгийг зөвлөж байгаа.

Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж, хүнээс хүнд халдсан тохиолдол өөр улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай хороо дахин хуралдаж халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэхээр болсон.

Японоос саяхан нэг оношлуур авсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл дахин нэг таатай мэдээ хэлэхэд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран дахин коронавирусийн оношлуурыг авахаар хамтран ажиллаж, тооцоо судалгаагаа гаргаж худалдан авалтаа эхлүүлээд байна” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Уржигдар ХӨСҮТ-д 14 сэжигтэй тохиолдолтой хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн хариу сөрөг гарсан тул бид зөвлөгөө өгөөд дараагийн арга хэмжээг авч байгаа.

Өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Шинжилгээ нь 24 цагийн дараа буюу, лаборторийн хариу гарахаар мэдээлнэ.

Иргэд маань өөрсдөө шинж тэмдгээ хэлээд ирж байгаа зүйлс их байгаа нь сайн хэрэг. Бид бүхэн газруудаас туршлага авч бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд үндсэн туршлага авч байгаа газар маань хятад орон тул бид өдөр болгон мэдээ солилцож, чиглэл болгон дээрээ бэлтгэл хийж байгаа гэдгийг хэлмээр байна. ДЭМБ нэмэлтээр шинэ оношлуур өгөхөөр болсон нь таатай байна. Оношлуурын захиалгын захиагаа явуулсан, удахгүй нийлүүлэгдэх байх.

Бид бусад оронтой туршлага хуваалцаж байгаа тул оношилгоо амжилттай явагдаж байна. Энэ өвчний дамжих зам нь агаар дуслын замаар тул шинэ зүйл зохиож ярихгүй байхад анхаарах хэрэгтэй. Маскаа зөв зүүж, зөв авах хэрэгтэй. Бусадтай холбоо үүсэж байгаа явдлыг хувь хүмүүс өөрсдөө зогсоох хэрэгтэй. Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа тул та бүхэн бидний өгсөн зөвлөмжийг гололгүйгээр, хариуцлагатай хэрэгжүүлвэл үр дүнд хүрнэ.

Сурагчдыг хичээллүүлэхгүй болсонтой холбоотойгоор гадуур сэлгүүцэх нь ихсэж, дэлгүүр хоршоогоор их явахаа болино уу. Мөн маскны үнийг нэмэхгүйгээр эерэг хандлагаар хандаж, хууль дүрэм, гаргасан зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй” гэв.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: “Бид 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа. Цаг тухай бүрт нь мэдээллээр хангаж, танилцуулж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол Улсад одоогоор коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Халдвар орохоос нь өмнө авах ёстой урьдчилсан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *