Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмнэлгүүдийн ачааллыг РОТА вирусээр халдварласан хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдүүлж байна || DNN.mn

-ТУС ВИРУС НЬ ОРЧНЫ БОЛОН АХУЙН БОХИРДЛООС ШАЛТГААЛЖ 0-5 НАСНЫХНЫ ДУНД ДАВТАН ХАЛДВАРЛАДАГ УЧРААС ДЭГДЭЛТ ЭРЧИМТЭЙ НЭМЭГДСЭЭР БАЙНА –


Хүүхдийн эмнэлгийн ачаалал их байгаа талаар бид өмнө сурвалжилж байсан. Тэгвэл энэ удаад бид Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Анхан шатнаасаа авахуулаад бүх эмнэлгүүд хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүдийн хөлд дарагджээ. Бид эхлээд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт очлоо. Энэ эмнэлэг шинэ байрандаа ороод удаагүй байгаа аж. Бусад эмнэлгүүдтэй харьцуулахад орчин болон гаднах зогсоол, талбай сул чөлөөтэй харагдав. Гэхдээ яаралтай тусламжийн тасаг болон хүлээн авах тасагт хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд дугаарлан зогсож, ээлж ээлжээрээ бүртгүүлэн үзүүлж байв. Энэ үеэр бид бага насны хоёр хүүхдээ тэвэрсэн эцэг, эх дээр очиж, сэтгэгдлийг нь сонслоо.

СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Б.Булгантуяа “Манай хоёр хүүхэд том нь тавтай, бага нь хоёртой. Эхлээд ах нь өвдсөн. Хэдхэн хоногийн дараа дүү нь адилхан шинж тэмдгээр өвдөөд, аргагүйн эрхэнд хоёуланг нь үзүүлэх гээд энэ эмнэлэгт ирчихсэн байна. Ямар өвчин гэдгийг нь сайн мэдэхгүй. Хоёулаа л яг адилхан халуурч, гүйлгэж, бөөлжүүлж байна. Гадуур хүүхдийн РОТА вирус их байгаа гэж сонссон. Тэр нь юм болов уу гэж бодож байна. Эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн. Өрхийн эмнэлгээсээ бичиг аваад дүүргийн эмнэлэгтээ үзүүлж байна. Өрхийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ үнэхээр муу байна. Наад захын юмаа мэдэхгүй, орчин үйлчилгээ нь үнэхээр тааруу. Дур нь хүрэхээрээ үздэг. Дургүй нь хүрэхээрээ бичиг өгөөд дүүргийн эмнэлэгт үзүүл гэсэн хандлагатай байх шиг. Энэ эмнэлгийн тухайд ачаалал их байна. Өглөө есөн цагт ирсэн. Хоёр цаг хүлээж байж одоо нэг хүний дараа орох гэж байна. Манай гэр бүл бүгд ковид туссан. Дахиад ковид юм болов уу гэж бодтол өөр шинж тэмдэг илрээд байгаа болохоор ковид гэж бодохгүй л байна. Юутай ч үзүүлье гээд сууж байна” хэмээв.


РОТА ВИРУСИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ УЛС ДАЯАР НЭН ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ


Тус эмнэлэгт өвчтөн хүлээн авч, бүртгэл хийж байгаа эмчээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Манайх өдөртөө 2000 гаруй хүнд үйлчилж байна. Сүүлийн үед ч гэлтгүй ер нь эмнэлгийн ачаалал их байдаг. Нэг хэсэг ковид гэж нэмэгдсэн. Харин одоо бусад өвчлөл нэмэгдсэн учраас ачаалал их байна. Тэр дундаа таван сартайгаас зургаан насны хүүхдүүдийн дунд ханиад, томуу, томуу төст өвчин болон РОТА вирусийн шинж тэмдэг илэрч байна. Сүүлийн жилүүдэд энэ насны хүүхдүүд халдварлах нь ихэсч байгаа. Уг нь РОТА вирусийн вакцин байдаг. Гэхдээ улсын эмнэлгүүд дархлаажуулалт хийдэггүй. Харин хувийн эмнэлгүүд төлбөртэй хийдэг. Энэхүү төрлийн дархлаажуулалтыг улс хариуцан энэ насны хүүхдүүдэд идэвхтэй хийхгүй бол цаашдаа РОТА вирусээр халдварлах хүүхдийн тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, РОТА вирусийн эсрэг дархлаажуулалтыг улс даяар нэн яаралтай үнэ төлбөргүй эхлүүлэх шаардлагатай байна” гэв.


Б.МӨНГӨНЧӨДӨР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД БИД БАГАДАА РОТА ВИУРСИЙН ХАЛДВАР АВЧ ЭДГЭЭД ДАРХЛАА ТОГТЧИХСОН Ч ОДООГ ХҮРТЭЛ ВИРУСИЙН ХАЛДВАР БИДЭНД ХАДГАЛАГДААД ЯВЖ БАЙГАА


Үнэхээр эцэг, эхчүүд болон эмч сувилагчид бага насны хүүхдүүдийн дунд РОТА вирусийн халдвар их байгааг хэлж байна. Тиймээс уг вирус ямар учиртай, хэрхэн халдварладаг, яаж урьдчилан сэргийлэх талаар Хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөрөөс тодрууллаа.

Тэрбээр “Сүүлийн үед РОТА вирусийн халдвар ихэсч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн тоо маш их байгаатай холбоотойгоор мэдээлэл өгье. Хүүхэд бөөлжих, хэвлий хэсгээр өвдөх, дотор муухай оргих, нурмайх зэрэг нь ходоод гэдэсний хямралыг илтгэж байгаа үндсэн шинжүүд юм. Хүүхэд бөөлжиж байгааг юу гэж ойлгох вэ гэхээр тухайн хүүхдийн идэж уусан зүйл ходоод руу шууд орно. Энэ үед ходоодны салст цочирдсон байгаа учраас дээр нь орж ирж байгаа хоол ундаа шингээж чадахгүй буцаж агшаад гаргахыг бид бөөлжих гэж ярьдаг. Хэрвээ таны хүүхэд бөөлжиж л байгаа бол ямар нэгэн байдлаар ходоод нь өвдсөн байна гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, ходоодноос цааш 12 метр урт гэдэс бий. Өнөөдөр идсэн хоолоо хоёр хоногт аажмаар доошлуулсаар өтгөн болгодог. Энэ процесс маш аажмаар, удаан явагддаг. Хүүхдийн гэдэг гүйлгүүллээ гэдэг гэдэснийх нь энэ удаан явах ёстой хөдөлгөөн маш хурдтай явагдсанаас болж хоёроос гурван цагийн өмнө идсэн хоолоо шууд өтгөн болгож гаргахыг хэлдэг. Хүүхдийн гэдэс гүйлгэх, бөөлжих олон шалтгаан бий. Үүний нэг нь сүүлийн үед маш идэвхтэй тархаад байгаа РОТА вирус юм. Нийт бөөлжиж, суулгуулж байгаа хүүхдийн 80 хувь нь бохир гарнаас болдог. Тиймээс ариун цэврийн дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд маань хүүхдээ хооллохдоо халбаганы ёроолыг долоож өгч болохгүй. Үүнийг маш сайн анхаарах ёстой. Мөн хоолыг нь үлээж хөргөхийг хориглодог. Яагаад гэвэл эцэг эхчүүд бид багадаа РОТА вирусийн халдвар авч эдгээд дархлаа тогтчихсон байдаг. Гэхдээ одоог хүртэл тухайн вирусийн халдвар бидэнд хадгалагдаад явж байгаа. Тиймээс үүнийгээ мэдэхгүй бага насны хүүхдийнхээ хоол, ариун цэвэр талд нь эцэг, эхчүүд алдаа гаргаж, хүүхдээ өвчлүүлэх эрсдэлд байнга оруулж байдаг. Мөн хүүхдэд янз бүрийн түүхий бүрэн гүйцэд боловсруулагдаагүй хоол хүнсний бүтээгдэхүүн өгөхөө хориглох шаардлагатай. Энэ дотор РОТА вирусийн нян бактери их бий. Яагаад бага насны хүүхэд өвдөөд байна вэ гэхээр зуун хувь ариун цэврийн дэглэм алдагдсанаас л болж байгаа юм. Энэ РОТА вирус хаа сайгүй байгаа. Дөнгөж мөлхөж байгаа, эсвэл хөлд орж байгаа хүүхдүүд бусад орчинд байгаа эд юмсанд хүрч, тэр бүү хэл бүгдийг нь долоож амандаа хийж үздэг. Тиймээс л энэ насны хүүхдүүд тус вирусээр өвдөх нь элбэг байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд үүнийг маш сайн анхааралдаа авч, хүүхдийнхээ тоглоом, эд юмсыг өдөр бүр ариутгаж, хараа хяналтаа өндөржүүлэх шаардлагатай. Эмнэлэгт очиж байгаа 0-5 насны хүүхдүүдийн 2/3-ны хоёр буюу гурван хүүхэд тутмын хоёр нь РОТА вирусийн халдвартай байна. Тиймээс энэ төрлийн халдварыг бууруулахын тулд, урьдчилан сэргийлэхийн тулд ахуйн болон хувийн ариун цэврийг маш сайн сахих явдал юм. РОТА вирусийн халдвар энэ насны хүүхдүүдэд дахин дахин халдварлах эрсдэл их байдаг. Нэг тусаад зүгээр болчихлоо гэж бодох хэрэггүй. Орчны бохирдол, хоол хүнс, хувийн ариун цэврийн дэглэм алдагдсанаас шалтгаалж уг вирусээр дахин өвчлөх боломжтой” гэв.


ХАВРЫН УЛИРАЛ ИРЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ОРЧНЫ АРИУТГАЛ, ТЭР ДУНДАА ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ ТАЛБАЙГ НЭН ЯАРАЛТАЙ АРИУТГАЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА


Үүний дараа бид Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн үйл ажиллагааг сурвалжлахаар очлоо. Хоёр сарын өмнө тус эмнэлгийн ачаалал их байна гэж сурвалжилж байсан ч өнөөдөр ч ялгаагүй ачаалал дээд цэгтээ тулжээ. Тус эмнэлгийн гаднах автомашины зогсоол дүүрсэн, үүдэнд нь хувцас өлгүүр ачааллаа даахаа больсон, ороод хаана хэнд үзүүлэх зэргээс л зохион байгуулалт алдагдаж, хөл толгой нь мэдэгдэхгүй болсныг харж болохоор. Гэвч энэ ачаалалтай үед эмч, сувилагчид, эмнэлгийн ажилчид бүгд л чадах хэрээрээ үйлчилгээ үзүүлсээр л байв.

Энэ үеэр бид эмнэлгийн ажилчид болон эцэг, эхчүүдээс дараахь тодруулгыг авлаа. Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн Ж.Даваажаргал “Хүүхдийн суулгаж бөөлждөг ханиад гадуур их байна. Манай хүүхэд бас ийм оноштой болов уу гэж бодож байна. Юутай ч эмчид үзүүлж, зөвлөгөө эмчилгээ бичүүлж авъя гэж бодоод ирсэн. Эмнэлгийн ачаалал маш их байна. Яах ч ёстой юм. Хувийн эмнэлэг суулгасан бөөлжсөн хүүхдүүдийг хэвтүүлэхгүй гэж байсан. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь өвдлөө гэхэд Эх нялхаст л ирэхээс өөр очиж үзүүлэх газар байхгүй. Бусад нь эмчилгээ муу, зарим нь хүлээж авахгүй, ийшээ тийшээ яв гэдэг. Тийм болохоор бүх дүүргийн, бүх хороодын иргэд ганцхан эмнэлэгт ирж үзүүлж байгаа болохоор ачаалал их байгаа юм болов уу даа гэж бодож байна. Бас ковидоос ч болж байгаа байх. Гэхдээ энэ хүүхдийн эмнэлгийг илүү өргөжүүлэх, өөр том эмнэлэг барьчихвал ямар сайхан бэ л гэж бодож байна. Хараад байхаар энд тэндгүй л нам, төр захиргааны том шинэ байрууд баригдаад байх юм. Гоё сайхан сургууль, цэцэрлэг ч олон баригдаж байх шиг. Энэ эрүүл мэндийн салбартаа анхаарч, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул байхад нь зориулсан том эмнэлэг барьчих хэрэгтэй шүү дээ. Дээгүүрээ баахан л идэж уусан хүмүүс байна. Өөрсдийнх нь хүүхдүүд дандаа гадаадад, эсвэл хувийн томоохон эмнэлгүүдэд очдог болохоор иргэд бидний энэ зовлонг мэдэхгүй байна” гэв.


ХАЛУУН БҮГЧИМ ЗААЛАНД САНДАРСАН ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД ХЭДЭН ЦАГ ДУГААРЛАН ЗОГСОЖ БАЙНА. СУУХ САНДАЛ, ҮЗЛЭГ ХИЙХ ЭМЧЭЭ НЭМЭЭД ӨГЧ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА


Баянгол дүүргийн иргэн Ж.Саруултөгс “Хүүхдийн эмнэлгийн ачаалал их байгааг хэн хүнгүй л хэлэх байх. Үнэхээр ачаалал их байна. Хүүхдийн гэдэсний болон нянгийн шинжтэй өвчлөл, амьсгалын замын өвчлөл, хатгаа их байна гэсэн. Би сая хүүхдээ үзүүлэхэд эмч нь ингэж ярьж байна. Манай хүүхдэд РОТА вирусийн шинж илэрсэн. Тэгээд шингэн нөхөх эмчилгээ болон нянгийн эсрэг эм бичиж өглөө. Энэ РОТА вирус гэдэг их гайтай өвчин юм. Нэг тусаад зүгээр болчихгүй, дахин дахин тусаад байдаг нь их гайтай. Би өчигдөр ирж хүүхдээ үзүүлэх гэж гурван цаг орчим дугаарлаж байж охиноо үзүүлсэн. Хүүхдийн тасгийн ор нь дүүрч, ачаалал их болсон гэсэн. Тиймээс эм бичүүлээд өнөөдөр дахин ирж шингэн нөхөх эмчилгээ хийлгүүлж байна. Манай хүүхэд цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгээсээ энэ вирусийг авсан гэж бодож байна. Ер нь сургууль, цэцэрлэг орсноос эхлээд хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгаа болов уу гэж бодож байна. Хүүхдээ хурдан зүгээр болоосой л гэж бодохоос энэ ачаалал, дугаарлалыг ч тоосонгүй. Гэхдээ манайхан хаа хаанаа үнэхээр зохион байгуулалт муу байна. Төрийн үйлчилгээ, тэр дундаа бяцхан хүүхдүүддээ чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Халуун бүгчим зааланд халуунтай хүүхдээ тэвэрч сандарсан эцэг, эхчүүд хэдэн цаг дугаарлан зогсож байна шүү дээ. Ийм ачаалалтай үед суух сандал, үзлэг хийх эмчээ нэмээд өгч болдоггүй л юм байх даа. Ядаж энэ бүгчим өрөөндөө салхи савир оруулаад, улавч, ус, нэг удаагийн аяга гэсэн наад захын үйлчилгээгээ нэмэгдүүлчихээсэй гэж бодож сууна” хэмээн ярилаа.


Э.НАРАНЦАЦРАЛ: МАНАЙ ИРГЭДЭД УРЬДЧИЛЖ ЦАГ АВАХ СОЁЛ АЛГА


Бид эмнэлгийн ачааллын талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, поликлиникийн эрхлэгч Э.Наранцацралтаас тодрууллаа. Тэрбээр “-Цахимаар цагаа захиалдаг үйлчилгээ нэвтрээд гурван жил болж байна. Уг нь аль болох хүмүүсийн бөөгнөрөл дараалал үүсгэхгүйн тулд цагаа урьдчилж захиалаад үйлчилгээ авдаг болгосон шүү дээ. Цагаа авсан хүмүүс Хүүхдийн эмнэлгийн гадаа дугаарлаж, шахалдаж, бөөгнөрч зогсохгүй. Цагаа авсан хүмүүс яг кабинет кабинетийнхээ үүдэнд хүлээж байгаад үйлчилгээгээ авч байгаа. Харин дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа иргэд бол урьдчилж цагаа аваагүй, хүүхэд нь жаахан уйлангуут юмуу, эсвэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэнгүүт шууд хүрээд ирсэн хүмүүс байдаг. Тиймээс иргэд цагаа авч үйлчлүүлэх шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр цаг аваагүй шууд хүрээд ирсэн хүмүүст бид цаг аваагүй байна гээд буцаачхаж бас болохгүй. Ингэж хэлэх ч эрх, зориг бидэнд байхгүй. Ерөөсөө л манай эмнэлгийн ачаалал өдөр болгон ийм байдаг. Өдөрт бид 1000-1200 хүүхдэд үйлчилдэг. Ялангуяа долоо хоногийн эхэнд болон сүүлээр манай эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь орон нутгаас зорин ирсэн иргэдийн хөл хөдөлгөөнөөс бас шалтгаалдаг байх. Нөгөөтэйгүүр бүх хүмүүсийн сонирхол нь хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт л үзүүлье гэдэг нийтлэг хандлага байгаа нь ачаалал нэмэх нэг шалтгаан болж байна. Иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн соёлтойгоор үйлчилгээгээ авдаг болмоор байна. Тэр нь цаг захиалах, цагаа урьдчилж авах шүү дээ. Зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол эхлээд хажуудаа байх өрхийн эмнэлэгтээ, дараа нь дүүргийн эмнэлэгтээ ханд л даа. Манай иргэдэд урьдчилж цаг авах соёл алга.

Нөгөөтэйгүүр манай эцэг, эхчүүд хүүхэд нь жаахан уйлахад л мэдрэлийн эмчид үзүүлье гээд манайх руу шууд хүрээд ирдэг. Хүүхэд ямар ч шалтгаанаар уйлж болно. Эхлээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлээд болохгүй бол дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй. Тэгээд онош, юунаас болж зовиурлаад байгаа нь мэдэгдэхгүй бол манайд ирэх ёстой л доо. Ийм нэг систем гэх үү тогтолцоо алдагдчихсан учраас л хаа хаанаа асуудал үүсээд байна.

Тиймээс манай төр засгийнхан, тэр дундаа гэр хорооллын гудамж талбайг нэн яаралтай ариутгаж, халдваргүйжүүлэх хэрэгтэй. Ковид аажмаар намдаж байна. Одоо ковидоо анхаарахаас гадна бусад өвчнүүдээ анхаарч энэ чигийн эмчилгээ, үйлчилгээ, эм тарианы нөөц болон дархлаажуулалтын ажлаа эрчимтэй хийх хэрэгтэй” гэлээ.

Дээрх эмнэлгүүдээр явахад ачаалал их байгаагийн дээр бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин, тэр дундаа РОТА вирусийн халдвар их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Харин ковидоос шалтгаалсан ачаалал бага байгаа нь харагдаж байлаа. Учир нь хүүхдээ үзүүлэх гэсэн иргэдийн ихэнх нь ковид туссан гэдгээ хэлж байв. Мөн хаврын улирал ирж урин дулаан болж байгаа учраас орчны бохирдлоос шалтгаалсан өвчлөл эрс нэмэгдэх хандлагатай байгааг онцлон хэллээ. Сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэх болсноос шалтгаалж ханиад, томуу, томуу төст өвчний гаралт өдөр ирэх тусам ихэсч байгаа аж. РОТА вирусийн тархалт идэвхтэй явагдаж байгаа учраас энэ төрлийн дархлаажуулалтыг улсын эмнэлгүүдээр, тэр дундаа өрхийн эмнэлгүүдээр үнэ төлбөргүй нэн яаралтай эхлүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцлон хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *