Олон улсын статистикийн газраас хийсэн судалгаагаар Монгол Улс явган зорчигчдод хамгийн эрсдэлтэй орны жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Тэр дундаа осолд өртсөн бага насны хүүхдийн тоогоор дэлхийн улс орны жагсаалтыг манлайлж байгаа юм. Өнгөрөгч онд гэхэд л 375 хүүхэд осол гэмтлээр амиа алдсан байна. Амиа алдсан хүүхдүүд ямар ч дайн байлдаан, алан хядах ажиллагааны золиос болоогүй зөвхөн авто замын ослын улмаас хорвоог орхисон нь харамсалтай.
Зам тээврийн осолд өртөгсөд ихэвчлэн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амь насаа алддаг бөгөөд ГССҮТ-д өдөртөө 500 гаруй иргэн яаралтай түргэн тусламжаар үйлчлүүлдэг аж. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр осол гэмтлийн 80 гаруй хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг бөгөөд ихэнхдээ суудлын бүс зүүгээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй зэргээс үүддэг байна.
Тэгвэл өнөөдөр /2019.04.11/ “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил–2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Тээврийн цагдаагийн алба хамтран “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 12.30-13.00 цагийн хооронд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж зогсон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгджээ.