ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС… Кувейт улсаас хийсэн аян замын тэмдэглэлийг дахин нийтэлж байна.
Эмирийн өргөө буюу “Баяан палас”-ын эзний эдлэнд очлоо. Мань хүн
бол хааны удмынхны нэгэн. Эрх мэдэл гэдэг мэдээж хэмжээлшгүй. “Энэхэн дэлхий даяхнаараа…”
гэдэг шиг л. Уг эдлэн Кувейт хотоос зүүн урд зүгт байлаа. Үндсэндээ тухайн орны
иргэдийн мөргөлийн зүг рүү бид бүхэн давхисан юм. Аливаа байр сууцны таазанд зүүн
урд зүг рүү заасан сум байдаг. Юу юм бол доо гэж эхний ганц нэг хоногт гайхдаг л
байлаа. Гэвч мөргөлийн зүг нь юм байна гэдгийг даруй ойлгосон юм. Арабууд өдөрт
таван удаа мөргөдөг юм билээ. Бөхийн цол дуудаж байгаа юм шиг бүх нийтээрээ уянгалаад
явчихна. Мөргөлийн цаг нь эхэлж байгаа нь тэр. Өдөрт таван удаа мөргөдөг юм гэсэн.
Өнөө Шейхийн чинь эдлэнд үдийн зоог барьчихаад хөдлөх гэж байхад төвөөс ирсэн хэд
хэдэн хүн тусгай өрөөнд, тусгай олбог дээр мөргөж байгаа харагдсан. Мөргөлийн цаг
нь болсон байв уу, эс бөгөөс хурганы мах эх захгүй идсэндээ тэгсэн үү, бүү мэд.
Мөргөлийн тухайд нэг тиймэрхүү. Одоо эдлэн газрын сониноос дуулгая л даа.
Багахан сумын төвийн хэмжээний газар байсан. Үндсэндээ цөлд л
ногоон байгууламж бий болгож, Монгол шиг, Швейцарь шиг тийм нэг тансаг орчныг цогцлоожээ.
Бүхнийг мөнгөөр шийдсэн нь мэдээж. Бүр нэг жижигхээн зүйлээс нь хүртэл алт, мөнгө
ханхлаад байгаа юм. Эдлэнгийн ногооны талбайг усжуулсан байгаа, ус сувгийн орчин
үеийн техникийг ашигласан зэрэг нь яалт ч үгүй л харц булаахаар. Элбэгээ Ерөнхийлөгчөөс
түрүүлж хэвлэл мэдээлэл болоод ажлын хэсгийнхэн очоод байсан. Бизнесийн багийнхан
ч ирсэн байв. Кувейт хүүхдэд монгол дээл, жанжин малгай өмсгөчихсөн монголчуудыг
угтуулсан нь сонин сайхан санагдаж байлаа. Дарга нарыг хадаг сүүтэй угтдаг дээхнэ
үеийн Дүүриймаа гэдэг шиг тэр нэг хөөрхөн банди монгол хувцастай Монгол Улсын төрийн
тэргүүнийг угтсан нь бас л нэгэн дурсамж даа. Тэнд ажиллаж амьдарч буй ганцхан
монгол өрхийн тэргүүн Б.Ганбаатар нисгэгч уг эдлэнд ирчихсэн хүлээж байсан. Ж.Оджаргалтай
л ойр зуур яриад, харсан бүхэнд тун дотно байдаг юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлээд
авсан. Оджаргал түүнд “Би чам руу амжихгүй нь гэсэн мессеж явуулсан даа” гэхэд
нөгөөдөх нь, тийм мессеж ирээгүй дээ гээд утсаа шалгуулж ч байх шиг. Их л дотно
юм билээ.
Шейхийн эдлэнгээс урт цуваа маань хөдлөхөд эхний машин амьтдын
хүрээлэнг зорьсон юм. Урт цуваа гэснээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг Кувейт болоод
Катарт ямархан өндөр хэмжээнд хүлээж авсны нэгэн илэрхийлэл бол төрийн хамгаалалтаас
нь харагдана. Үүнийг сапир Сайраан онцолж хэлж байсан. Ардчилсан Ерөнхийлөгчийг
Арабын орнууд арай л дэндүү хүндэтгэж байна даа гэж. Ерөнхийлөгчийг айлчлалын хүрээнд
Сайрааны нэр хүнд багагүй өссөн байлгүй. Эхэн үедээ мань хүн гэм хийсэн юм шиг
дуу шуу багатай байсан бол Катарын Дохад сэтгэл үлэмж хангалуун машид баясгалантай
байгаа нь мэдрэгдсэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн эл удаагийн айлчлал Кувейтэд
байгаа Элчингийн нөхдөд нэр хүндийн өндөрлөг тогтоогоод зогсохгүй олон хүнд итгэл
үзүүлсэн дээ. Тухайлбал, Монголын Хөгжлийн банк Кувейтийн сантай хамтралын гэрээ
байгуулсан. Төрийн тэргүүнийхээ буянаар баян газрын сантай баруун солгойгүй гар
барилцаад авсандаа Хөгжлийн банкны Л.Болормаа захирал тун чиг сэтгэл хангалуун
байгаа нь сэтгүүлч бидэнд илт ажиглагдсан билээ.
Шейхийн эдлэнгийн амины хүрээлэнд тэмээн хяруул, хиймэл цөөрмийн
дэргэдэх саарал шороон дээр хэвтэж буй матар, лам гөрөөс, сойр болоод бөднө шувуу
гээд урьд өмнө олонтаа сонсож байсан ч тэр бүр нүдээр үзээгүй ховор амьтдыг дэргэдээс
нь харлаа. За тэгээд адууных нь “амралтын өрөө”-гөөр орлоо. Өндөр хашаан дотор
залуухан араб азарга хэдэн тийшээ туйлж байна аа. Тоос манан татуулан давхиж булангийн
цементэн хашааг мөргөж зогсоод л мөн чиг адгуу байна. Зэргэлдээх хашаанд мань
“эр”-ийн эзэмшил болох хэдэн байдсыг хорьчихож. Тэгээд л сүрийг бадруулаад байсан
ажээ. Жинхэнэ араб адууг бид олон харсан. Басхүү араб цусны адууг нэг хэсэг төрийнхөө
наадамд торгон жолоо өргөхийг ч харсан. Тиймийн учир араб адуу бидэнд тийм ч сонин
биш. Гэвч яг газар дээр нь очоод “ориг”-оор нь үзэхээр арай л өөр юм билээ. Азаргыг
нь тусдаа, хөгшин гүү, хэдэн сарваа, унагануудыг нь бас тусдаа байлгадаг ажээ.
Харин унааны болоод гоёлын морьд “хаус”-нд л бүрэн хангамжаар дүүрэн байдаг юм билээ.
Тэрхүү эдлэнд бид ганц бөхтэй тэмээ үзсэн. Ерөнхийлөгч бүр хашаан
дотор нь орчихсон, өнөө хэдэн тэмээтэй чинь найзалж байгаа харагдсан. Манайхны
зогдроо шидлэх өндөр өндөр шар атнуудын дэргэд Арабын ганц бөхтэй тэмээ үнэн жул
санагддаг ч яг дэргэд нь очоод харахаар бас чиг өөр юм билээ шүү. Харин зурагтаар
бол онцгүй харагддаг юм билээ. Ялангуяа тэмээний уралдаан нь. Эмирийн ордныхоо
буудалд томоо гэгч өрөөнд ганцаар Арабын Шейх шиг л хэвтэхдээ зурагтаар тэмээний
уралдаан үзлээ. Гуван гуван давхих тэмээнүүдээ гоё гоё жийптэй Арабын баячууд дагаад,
машиныхаа цонхоор орилолдоод сүйд л болдог юм билээ. Хүйлэн хөх замбуулангийн
салхийг нь хүртэл дагуулаад эргэдэг соёолонгийн эрэмгий давхилыг яг дэргэдээс нь
хардаг бидэнд гуван гуван хурдлах ганц бөхт тэмээний уралдаан лөөлөө л санагдаж
байгаа юм. Уг уралдааны маргааш нь байна уу даа, сонинд нэгэн мэдээлэл гарчээ. Кувейт
бол өдөр тутмын олон хэвлэлтэй, “Араб таймс”-аас аваад хэд хэдэн сонины нэр дуулддаг.
Эмир ч өөрөө хувийн сонин телевизтэй юм гэсэн. Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч
Кувейтэд буухад эрхэм дээд Эмир нь хүндэтгэн угтаж бид бүхнийг өнөө алдарт Баяан
буудалдаа аваачихуйд зурагтаар нь уг айлчлалын мэдээ шууд цацагдаж байсан. Тэгэхээр
мэдээлэл ерөнхийдөө хурдан түгдэг нь анзаарагдаж байгаа биз. Нэг зүйлийг онцлох
гээд энэ бүгдийг хачирлалаа л даа. Дээрх тэмээний уралдааны үеэр нэгэн бизнесмэн газар дээр нь Кувейтийн мөнгөөр
хоёр сая динараар худалдан авсан байгаа юм. Хоёр сая динар бол монгол мөнгөөр тооцоод
үзэхээр арван тэрбум төгрөг. Арабын ертөнцөд хурдан удмын угшил сайтай тэмээ ийнхүү
арван тэрбум хүрч түүхэн амжилт тогтоожээ. Өнгөрсөн жилийн наадмаар “Мон-Уран”-ы
Б.Наранхүү төрийн наадамд аман хүзүүдсэн азаргыг долоон зуун сая төгрөгөөр худалдан
авч дээд амжилт тогтоосон билээ. Арабад бол морь биш тэмээ, тэмээ тэмээдээ ганц
бөхт тэмээ арван тэрбум л хүрч байна шүү дээ, базарваань.
Өнгөрөгч сарын хорьдоор хоёр монгол оюутан Кувейтийн их сургуульд
очсон талаар өмнөх тэмдэглэлдээ дурссан. Одоо нэгнийх нь ярианаас хүргэе. Мань
хоёр төрийн тэргүүнээ ирснийг дуулаад Эмирийн ордонд ирчихсэн, үүд хавиар нь эргэлдэж
байсан юм. Тэр зуур миний бие таарч яриа өдсөн нь энэ юм. Тэд бол Алтанхүү, Өнергүл
нар л даа. Алтанхүү нь яриа хөөрөө муутай “Чи багш байснаараа сайн ярь” гэж казах
хүүхэндээ үүрэг болгосноор Өнергүл бид хоёр Эмирийн ордны уулзалтын өрөөг эзэгнэнхэн
ярилцсан юм аа.
Өнергүлийн аав нь казах юм байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх
гэсэн. Бүхий л насаараа цахилгааны инженерээр ажиллаад одоо Улаанбаатар хотноо гэр
бүлийн хамт тэтгэвэртээ суужээ. Өнергүл
“Чингэс хаан” дээд сургуулийн олон улсын харилцааны ангийг 2003 онд төгсөөд сургуульдаа
багшилсан гэнэ. Кувейт рүү яагаад ирж суралцах болов хэмээн асуухад, оюутан байхдаа
араб хэлийг их сонирхож байсан. Мөн Булангийн орнуудын талаар мэдээлэл багагүй
авдаг байсан. Ерөөс энэ чиглэлээр мэргэшье л гэж бодсон. Бакалавр, магистрынхаа
дипломын ажлыг Арабын орнуудын түүхээр хамгаалсан гэдгээ илэрхийлээд оюутан цагийнхаа
хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн Булангийн оронд ирээд буйгаа дуулгасан. Түүний ангид
25 хүүхэд сурдаг гэнэ. Япон, Сонгос, Чех , Унгар, Итали, Африк гээд орон орны л
оюутнууд суралцдаг аж. Хэл усыг нь сурахад хэр хэцүү вэ гэхүйд, мэдээж түвэгтэй.
Адаглаад л хойноос урагш буюу бичгийн хэллэгээр зүүнээс баруун руугаа бичигдэнэ.
Гэхдээ яг сураад ирэхээр маш сонирхолтой. Мэддэг цөөн үгээ ашиглаад хүмүүстэй ойлголцоод
байх боломжтой хэмээн хээвнэг хариулж байлаа.
Оюутны байр нь эмэгтэй эрэгтэйгээр тусдаа байдаг гэнэ. Банди
нар охидын байраар очих эрх байхгүй. Хичээлийн цагаар л уулзана гэхээс оройхон
байрны гадаа очоод шүгэлдэх аваас цагдаа магдаа болох нь холгүй гэсэн. Зоогийн
газар, номын сан, интернэт танхим гээд бүх зүйл нь нэг дороо гэж байгаа. Сургуулиас
нь автобус гаргаад өгчихдөг байна. Дэлгүүрээр хэсэх юм уу өөр газруудаар явъя гэвэл
тусдаа унаа гаргаад өгчихдөг гэнэ лээ. Төрийн тэргүүний албан уулзалтууд орой хэрд
дуусч өдөржин гүйлдсэн бид түр амраад л дэлгүүр хоршоо болно шүү дээ. Мэдээж цаг
заваараа л даа. Араб руу явлаа гэхүйд гэр бүл, найз нөхдөөс аваад захын хүн л алт
захина шүү дээ. Гэтэл начир дээрээ алт нь үнэтэй гэдэг жигтэйхэн. Зүгээр нэг бөгж
авъя гэхэд л таван зуу гаруй доллар. Бууна барина гэсэн ойлголт байхгүй. Ерөөс
бараа таваарынх нь ханш өндөр. Аргагүй дээ, амьжиргааных нь түвшин өндөр болохоор
тэр. Кувейт улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн тавин мянга гаруй
ам.доллар. Тус орны эдийн засгийн гол үндэс суурь нь газрын тосны салбар гэдгийг
бүгд мэднэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг, экспортын орлого болоод
төсвийн орлогын ерэн таван хувийг газрын тосны бүтээгдэхүүнээс бүрдүүлдэг. Газрын
тос экспортлох хэмжээгээрээ Булангийн орнууд дотроосоо Саудын Араб, Арабын нэгдсэн
Эмират улсын дараа ордог гэж байгаа. Нэг хүнд оногдох баялаг бүтээгдэхүүнээрээ дэлхийд
цээжний тавд л жагсдаг шүү дээ.
“Гар аргаар алт олборлодог зүйл байдаг юм болов уу” гэж сонирхож
үзсэн л дээ. Юмыг яаж мэдэхэв гэсэн үүднээс л сонирхож байгаа хэрэг. Гэтэл тийм
зүйл алга аа. Нифтиэ газрын гүнээс тусгай техник технологийн дагуу олборлодог,
маш том суурь бааз ажилладаг учир тийм зүйл байдаггүй байна. Мөн нефть нь зуун
хувь төрийн өмч байдаг учир боломжгүй ажээ. Газрын тос шавхагдашгүй юу, ер нь хэдэн
жилийн нөөцтэй вэ гэж сапираасаа асуухад, уучлаарай энэ бол Кувейтийн төрийн нууц
аа гээд ам таглачихсан. Тийм л юм байлгүй.
Наадам, цагаан сар тэргүүт үндэсний баяраараа та хэд маань яаж
баярладаг вэ гэж сонирхлоо. Сапирын хэдэн цэргээс асууж байгаа минь тэр. Монголын
төр ёсны баяраар албан ёсоор амардаг байна. Тэгээд л яг эх орондоо байгаа юм шиг
ес уламжлалынхаа дагуу тэмдэглэдэг байна. Юун түрүүнд эхлээд Элчин сайддаа золгодог
гэсэн. Сапирындаа яваад ортол зарим үед мөргөлөө хийчихсэн сууж байдаг гэж байгаа.
Цаг улирлын дулаанд монгол дээлээ өмссөн нөхөд нас зүснийхээ дагуу бие биедээ золгодог
байлгүй. Я.Санжмятав даргын өмнө олон хутагт хувилгаадын нутаг Завхан аймгийг толгойлж
байсан П.Гансүх дарга Кувейтийн Элчингийн гуравдугаар нарийн бичгийн даргаар оччихсон
юм байна. Гэр бүлийнхээ хамт дээд хэмжээний уулзалтад оролцож байсан. Түүнтэй тав
гурван солиход орон хотоо асуухаас илүү Отгонтэнгэрийнхнийгээ л асууж байна лээ.
Нутгаа санаж буй нь бүр нэг илт шүү. Төрсөн ах нь гавьяат болж мань эр өнгөрсөн
зун Арабын тэнгэр дор мөн чиг баярласан дуулдсан. Тэрхүү гавьяат болж Кувейтэд
суугаа дүүгээ баярлуулсан эрхэм бол Пүрэвжавын Батсайхан. “Долоовор хуруундаа зүүний
сорвитой гээд эхэлдэг…” ханийн тухай дуунаас аваад Завханы С.Батсүх гавьяатын
дуулдаг олны сэтгэлд хоногшсон бүх л дууны шүлгийг тэрлэсэн нэгэн юм. Тэрээр Завхан
аймагтаа хутагтуудынхаа хөшөөг босгож, Ар халхын алтан мөнгөн тамгатай хутагт хувилгаадынхаа
тухай цуврал нэвтрүүлэг бэлтгэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр явуулж
байсан соёлын зүтгэлтэн билээ. Гагцхүү П.Гансүх дарга бус Элчингийнхэн маань Монгол
Улсын Ерөнхийлөгчөө ихэд санасан, Монголынхоо тэсгим өвлийг, цасан бударсан тунгалаг
үдшүүдийг санагалзаж байгаа нь өөрийн эрхгүй мэдрэгдэж байсан юм аа. Эмирийн ордонг
эзэгнэсэн өдрүүдийнхээ тэмдэглэлийн сонин сайхнаас хүргэхэд ийм байна. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалын үр дүнгийн талаар Лүндэгийн Пүрэвсүрэн зөвлөхийн
яриагаар хүргэх юм аа. Мөн энэхүү тэмдэглэл олонд хүрэхийн өмнө Ерөнхийлөгчийн айлчлалын
албан мэдээллүүд хэвлэлээр цацагдаж, Монгол Улс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр
хүнд Арабын тэнгэр дор хэрхэн өндөр байсныг эрхэм та бүхэн мэдрэхийн дээдээр мэдэрч
буй учир дахин дахин бичиглэхийг эрмэлзсэнгүй. Албаны бус энгийн тэмдэглэл хүргэхийг
зорьсон нь энэ ээ. Дараагийн дугаарт Катарын нийслэл Дохагийн тэнгэр дор уулзюу.
Хүлүг хааны үед эзэлж явсан Эмирийн ордонг Ардчилсан Ерөнхийлөгчийн айлчлал дор
нэгэнтээ эзэгнэлээ.
Үргэлжлэл бий