Монгол Улс АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дубай экспо 2020” дахь павильоноо Төв Азийн түүх, соёл, өвөрмөц орчныг тусган тохижуулаад байгаа юм. Өдөрт 800 гаруй хүн Монголын павильоноор зочилж, мэдээлэл авч байна.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум өчигдөр “Дубай экспо 2020” дахь Монгол, Эстони, Сингапур, Словак улсуудын павильонд зочилжээ.
Монголын павильоноор зочлох үеэр МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга павильонд байршсан Монголын үндэсний музейн үзмэрүүд, Үндэсний номын сангийн бүтээл, идлэг шонхорын баримал болон хүннү загварын шатрыг танилцуулж, дурсгалын бэлэг гардуулжээ.
2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ”Монголын Үндэсний Өдөрлөг” зохион байгуулагдаж, тус өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа явагдах бөгөөд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна хэмээн МҮХАҮТ-аас мэдээллээ.