Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монголэмимпекс Концерн ХК болон БНСУ-ын Донг А Холдинг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Эдгээр компани хамтран Монголдоо GMP шаардлага хангасан эмийн үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Эрүүл мэндийн сайд тус уулзалтын үеэр, Монгол хүний эрүүл мэндийн төлөө тус хоёр тал хамтран ажиллаж, манай улсад эмийн үйлдвэрийг байгуулахаар ажиллаж буйд талархал илэрхийлээд, өнөөдөр Монгол улсын “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулж, УИХ-д хэлэлцэгдэж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалттай Үндэсний үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлснийг сайшаан үзэж байна гэдгийг тэрээр илэрхийлсэн юм.
Энэхүү эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангахад төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг болох юм. Мөн дээрхи уулзалтын хүрээнд эмийн чанар, үнийн асуудлыг талууд хэлэлцэв.
Эрүүл мэндийн сайд онцлохдоо, энэ үйлдвэр байгуулагдсанаар дотоодын зах зээлд чанартай, харьцангуй боломжийн үнэтэй эмээр ард иргэдийг хангах боломж тодорхой хэмжээгээр бүрдэнэ гэж үзэж байна. Мөн нэг талаас эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт, нөгөө талаас Монголын хүн амын эрүүл мэндэд чиглэсэн сайн үйлс болно гэдэгт итгэж байна гэсэн юм.
Харин БНСУ-ын Донг А Холдинг Др Шин-Хо Кан хэлэхдээ, Эмийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хөрөнгө санхүү зарцуулж байгаа ч гэсэн Монгол улс нь өөрөө зардал бага, мөн эмийн үнийг нөхцөл байдалдаа таарсан боломжийн байх талыг ч анхаарна. Монголдоо олон улсын стандартад нийцсэн эм бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашлаад олон улсын зах зээлд хөрш орнууд руу нийлүүлэх боломжийг ч судална гэсэн юм.