Categories
мэдээ нийгэм

Эмгэнэл

Мөрийн Ванчин
1931-2023 он

Монголын харилцаа холбоо тэр дундаа радио, телевизийн салбарын үндэс суурийг тавигчдын нэг Мөрийн Ванчин 2023 оны 10-р сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз хохирол учирлаа.
Ахмад холбоочин Мөрийн Ванчин 1931 онд Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутаг 1-р багийн Дэрсний хонхор (одоогийн Шарын голын уурхай) гэдэг газар төрж, улмаар Баруун хараагийн бага, дунд сургуулийг 1939-1946 онд, Холбооны техникумыг 1946-1950 онд, Ленинградийн Цахилгаан Холбооны Дээд Сургуулийг 1957-1962 онд тус тус төгсөж Монголын холбооны салбарыг хөгжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй ажилтан инженерүүдийг бэлтгэхэд өөрийн бүхий л үйл амьдралынхаа 55 жилийг зориулсан шилдэг инженер, сурган хүмүүжүүлэгч, манлайлагчдын нэг байлаа.
Тэрээр яамны сайдын шийдвэрээр 1950 оноос Радио өргөн нэвтрүүлгийн станцад техникч, 1952 оноос Холбооны Яамны Радио нэгдсэн засварын газарт техникч, 1954 оноос Улсын Радио хороонд нэвтрүүлэгч, 1962 оноос Төв радио засварын ахлах техникч мастер, 1967 оноос Радио, телевизийн нэгдсэн засварын инженер, ахлах инженер, 1972 оноос Ус цаг уурын эрдэм шинжилгээний институтэд тооцоолох машины инженер, 1975 оноос Холбооны сургалтын төвд мастер багш, 1975 оны 11-р сараас Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын анхны хувилагч машин “Канон”-г нэвтрүүлэн, тэндээ 20 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан юм.
М.Ванчин нь улсад 55 жил ажиллахдаа Монголын радио өргөн нэвтрүүлгийн станцаас хүчин чадлыг сайжруулах, тооцоо судалгаа хийж долгионы хамрах хүрээг өргөтгөж, радио телевизийн засварын нэгдсэн төв байгуулж тоног төхөөрөмжийг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хөдөө аймаг сумуудад 25, 50 вт-ийн радио өсгүүрүүдийг өөрсдөө үйлдвэрлэж хангах ТУ-50, ТУ-100, Вт-ийн радио өсгүүрүүдийг шинээр суурилуулах ажлуудад оролцож мөн хожим ЗХУ-ын ТУ-600, Унгарын ST-800 Вт-ийн станцуудыг суурилуулж байжээ.
Тэрбээр радио телевизийн засварчин бэлтгэх 6 сарын курс зохион байгуулан орон нутаг, төв суурин газруудаар мэргэжилтэн бэлтгэсэн юм. Мөн монголын радиогийн анхны нэвтрүүлэгчдийн нэг байлаа.
Төр засгаас Холбооны салбар түүний дотор радио телевизийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлэн, Засгийн газрын хүндэт жуух, 50, 60, 80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
М.Ванчин таны хүнлэг эрхэм зан чанар, хөдөлмөрч бүтээлч үйл, замнал тань бид бүхэнд өвлөгдөн үлдэх болно.

Хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *