Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Жунайн Өлзийхутаг /1950-2021/

Бидний хайрт хань, үлгэр жишээ аав, халамжит өвөө Жунайн Өлзийхутаг 2021 оны 11 сарын 14 өдөр Улаанбаатар хотноо 71 насандаа гэр бүлийнхээ дунд амар тайван нойрслоо.

Тэрээр 1950 оны 4 сарын 12 нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Баянгол хэмээх газар мэндэлж 1970 онд Улаанбаатар төмөр замын холбооны техникумыг радио техникч мэргэжлээр төгсөж Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд холбооны техникчээр ажлын гараагаа эхэлж байв. Түүний хүүхэд залуу насны аз жаргалтай мөчүүд Сүхбаатар аймгийн Дарьганга, Түмэнцогт, Эрдэнэцагаан сумуудад өнгөрч, Түмэнцогт суманд насан туршийн хань, үнэнч сайн найз Ядамын Цагаанхүүхэнтэй учирч, 7 хүүхдийн эцэг болжээ.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараагаар хүүхдүүдэдээ чанартай боловсрол олгохоор Дорнод аймгийн Чойбалсан хотод нүүн суурьшиж, Дорнод аймгийн холбоо, хивсний үйлдвэр, гаалийн газарт холбооны техникчээр ажиллаж байсан нь улс орны олон чухал мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулж, шуудан холбоо, шугам, сүлжээний аюулгүй байдлыг найдвартай хамгаалах төдийгүй олон мянган хүнийг ар гэртэй нь холбон жаргал, зовлонгоо хуваалцах боломжоор хангаж байв.

Ж.Өлзийхутаг нь 1996 оноос 2006 оныг хүртэл Дорнод аймгийн Хавиргын боомтод сахиул, холбооны техникчээр ажиллахдаа Монгол улсын хил зөрчигчийг илрүүлж, Онц хилчин тэмдгээр шагнагдаж байсан.

Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Холбооны яамны хүндэт жуух бичиг, V, VI 5-н жилийн гавшгайч цол тэмдгээр шагнаж байлаа.

1990 оны сүүлээс Христийн цуглаанд явж эхэлснээр ёс суртахуун, итгэл үнэмшлийн талаар шинэ үзэл баримтлалттай болж үр хүүхдүүдэдээ үлгэр жишээ амьдралаар амьдарсан юм.Тэрээр сүмээрээ дамжуулан олон хүнд тусалдаг өгөөмөр сэтгэлтэй нэгэн байв.

Хэдийгээр бидний дунд байхгүй байгаа ч түүний нийгэмдээ үлдээсэн гайхамшигтай өв болох үр хүүхдүүд нь худалдаа үйлчилгээ, геодиз усны барилга байгууламж, банк санхүү, уул уурхай, зэвсэгт хүчин, төмөр зам, авто зам зэрэг салбарт амжилттай ажиллаж байгаа нь түүний бахархал билээ

“Таныгаа үргэлж санан дурсах болно” Гэр бүл, үр хүүхэд, ач зээ нараас нь….


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *