Галсангийн ЖАМЪЯН
(1936-2021)
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, нэрт сэтгүүлч Г.Жамъян 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Зохиолч, сэтгүүлч Г.Жамъян 1936 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд төржээ. 1961 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний анги, 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1984 онд Олон улсын сэтгүүлчдийн дээд курсийг тус тус төгсжээ. 1960 оноос Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, 1962 оноос Улаанбаатарын мэдээ сонинд сурвалжлагч, 1979 оноос Мод боловсруулах комбинатад ажилчин, 1990 оноос Улаанбаатар сонинд сурвалжлагч, орлогч эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэрээр гавьяаныхаа амралтад гарсан ч Монголын өдөр тутмын Өдрийн сонин, Зууны мэдээ, Монголын мэдээ зэрэг сонинд нийтлэл, ярилцлагаа нийтэлж, хүний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө идэвхитэй бичиж, тэмцэж ирсэн билээ. Г.Жамъян “Гавьяа” найруулал бичсэнээсээ болж хэлмэгдэж байсныг Монголын ард түмэн мэдэх билээ. Тэрээр амьдралынхаа сүүлчийн жилүүдийг хүний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө тууштай зориулж, олон нийтлэл, ярилцлагаа түмэнд хүргэсэн юм.
2001 онд “Хүний эрхийн төлөө тэмцэгч сэтгүүлч”, 2009 онд “Шударга үнэний элч”, 2014 онд Монголын Эмнести интернэшнлийн “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагналыг тус тус хүртсэн. Хүний эрхийн төлөө зоригтой дуугарч чаддаг түүнийг Монголын уншигчид “Хамгийн шударга сэтгүүлч” хэмээн хүндэтгэдэг билээ.
СГЗ, зохиолч Г.Жамъян 1960-аад оноос уран зохиол бичиж олон ном зохиол бүтээж үлдээжээ. “Миний Улаанбаатар”, “Чингис”, “Гал атгасан гар”, “Амьдралын намтраасаа”, “Хорьтын цагаан мөнгө”, “Сүнстэй нөгцсөн хүн”, “Угтал”, “Гавлай”, “Цасангаа” зэрэг шүлэг, найруулал, өгүүлэл, адал явдалт зохиолын номууд болон жүжгүүдээ олон түмэнд хүргэжээ. Мөн сэтгүүлзүйн бүтээлүүдээ эмхэтгэн олон арван ном бүтээж, уншигчдын гарт хүргэж байсан билээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Г.Жамъян гуай гэр бүлдээ сайн хань, үр хүүхдүүдийнхээ ачлалт аав, ач зээ нарынхаа хайртай өвөө, хамт олон, найз нөхдийнхөө дотно анд нөхөр, сэтгүүлчдийн хүндэт багш байсан төдийгүй Монголын Ардчиллыг бататжихад сэтгүүлчийнхээ хурц үзэгний үзүүрээр, уран цэцэн үгээрээ зоригжуулж, томоохон хувь нэмэр оруулсан ардчилсан үзэлтэй, шударга сэтгүүлч, бичгийн их хүмүүн байсан юм. Социализмын үед бичсэн найрууллаасаа болж хэлмэгдэж, амьдралынхаа арваад жилийг нийгмээс тусгаарлагдаж өнгөрүүлсэн тэрээр Ардчилалтай золгож, эрхээ эдэлсэн явдлаа цаг ямагт дурсаж, сэтгүүлчид үнэнийг бичиж, дэлгэснээсээ болж эрхээ бүү хасуулаасай хэмээн нийгэмд дуу хоолойгоо өргөсөөр байсан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1997 онд “Хөдөлмөрийн гавьяаны одон”-гоор, 2005 онд “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнажээ.
Нэр сэтгүүлч Г.Жамъян гуай тусч энэрэнгүй, хүнлэг сайхан сэтгэлтэй, хүний төлөө тэмцдэг, алиа хошин зантай, туйлын хөдөлмөрч, бүтээлч, нягт нямбай чанарыг шингээсэн үлгэр жишээч, нөмөр нөөлөгтэй сайхан хүн байсан билээ. Зохиолч, яруу найрагчид, сэтгүүлчид түүнийг ихэд хүндэтгэж, Монголын ард түмэн “Шударга” сэтгүүлч хэмээн түүнийг өргөмжилдөг байлаа.
Г.Жамъян гуайн гэгээн сайхан дүр, ажилч хичээнгүй, чигч шударга зан чанар, хүний төлөө өөрийгөө зольж чаддаг ховор чанар, хийж бүтээсэн их үйл хэрэг нь хань ижил, үр хүүхэд, ах дүү, хамт олон, олон мянган уншигч, Монголын сэтгүүлч, зохиолчдын зүрх сэтгэлд үүр хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
“Өдрийн сонин”