Жамбын ЖҮГДЭРЖАВ
(1932-2023)
Бидний хайрт эмээ, элбэрэлт ээж Жамбын Жүгдэржав нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 90 насандаа таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамт олонд нөхөж баршгүй гарз учирлаа.
Ж.Жүгдэржав нь 1932 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын “Сутай хайрхан” уулын бэлд Жамбын охин болж мэндэлсэн билээ. Бага насандаа Сутай хайрханы бэлд аав, ээжийн хайранд хүмүүжиж, 1937 онд Улаанбаатар хотноо нүүн 1943-1950 онд улсын 3 дугаар дунд сургууль, 1950-1954 онд Оросын холбооны улс (хуучнаар ЗХУ)-ад архитекторч, техникч мэргэжил эзэмшин Олзны хэрэг эрхлэх барилгын ерөнхий газарт үйлдвэр барилгын тасагт анхны барилгын техникчээр ажлын гараагаа эхэлж, 1955 онд Зураг төлөвлөгөөний газарт барилгын зургийн техникчээр, 1956-1974 онд Барилгын хөдөлмөрийн сургуулийн эрхлэгчээр, 1974-1985 онд Барилгын материалын үйлдвэрлэлийн яамны Сургалт хариуцсан тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад гавьяныхаа амралтад гарсан.
Тэрбээр ажиллах хугацаандаа 1953 онд Улсын төв музейн барилга одоогоор Байгалийн түүхийн музей, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны барилга, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтанд гар бие оролцож, багшийн хувиар 22000 гаруй мэргэжилтэн ажилтан төгсгөжээ.
Монголын барилгын салбарт 36 жил ажилласан хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, Тэргүүний барилгачин, Атарчдын алтан медаль, Аварга барилгачин, Барилгачдын гавьяа, Алтан өлзий эрдмийн, Алтан од одонгоор, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч зэрэг медалиудаар шагнаж байлаа.
Бидний хайрт эмээ, элбэрэлт ээжийн минь сайхан сэтгэл, хөдөлмөрч шаргуу зан нь үр хүүхэд, хамт олон, найз нөхөд, төрөл садан биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд үлдэж, үйл хэрэг нь өнө мөнхөд үргэлжлэх болно.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ