Өвөрхангай аймгийн харьяат таван залуу Төв аймгийн Аргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сод Монгол” ШТС-ийг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн долоо хоногийн ням гаригийн шөнө гарсан. Тодруулбал, энэ сарын 6-нд цагаан өнгөтэй суудлын автомашинтай таван залуу ШТС-ийн түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утсыг дээрэмдээд зугтаасан байна.
Төв аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай арга хэмжээ авч, гэмт хэрэгтнүүдийг улс даяар эрэн сурвалжилжээ. Ингээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд залуусыг явж байхад нь саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр 21 настай эрэгтэй Д, Б, О, Г,18 настай эрэгтэй Ч нар дээрх хэргийг үйлдсэн аж. Залуус “Сод Монгол” ШТС-ийн түгээгчийг дээрэмдсэн хэргээс гадна замдаа хоёр ч машиныг зогсоон эд зүйлсийг нь дээрэмджээ.
Цагдаа нарт “Эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх гэж дээрмийн хэрэг үйлдсэн. Найз охиноо баярлуулах гэсэн мөнгө олдохгүй байсан. Тэгээд дээрэм хийхээр тохиролцсон” гэх утга бүхий мэдүүлгийг өгсөн байна.