NASA-гийн сансрын нисэгчид болох Кристина Кок, Жессика Мэйр нар өнгөрсөн баасан гаригт задгай сансарт таван цаг гаруй хугацаанд ажиллажээ. Тэд Олон улсын сансрын станцын гаднах гэмтсэн эд ангийг шинэчлэх даалгаврыг ийн амжилттай гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард NASA дан эмэгтэйчүүдийг хөлгийн гадна ажиллуулахаар төлөвлөж байсан ч хэмжээ таарах өмсгөл хангалттай байгаагүйгээс хойшлуулсан гэдэг.
Эмэгтэй сансрын нисгэгчдийн баг дангаараа задгай сансарт ажилласан нь анхны тохиолдол болж байна. Учир нь хүн төрөлхтөн задгай сансарт гарсан 50 гаруй жилийн түүхэнд ийм тохиолдол байгаагүй аж. Кристина Кокийн хувьд дөрөв дэх удаагаа задгай сансарт ажиллаж байгаа бол Жессика Мэйр анх удаа хөлгөөсөө гарсан нь энэ юм байна.
Задгай сансарт ажилласан хамгийн анхны эмэгтэй сансрын нисгэгч бол Зөвлөлт Холбоот улсын нисэгч Светлана Савицкая юм. Тэрээр САЛЮТ-7 сансрын станцын гадна талд ажиллах даалгаврыг 1984 онд гүйцэтгэж байжээ. Түүний даалгавар гурван цаг 35 минутын турш үргэлжилж байв.