Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон Г.Сарангэрэлийг “хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж байна” гээд хорьчихсон гэж өмгөөлөгч нь ярьсан байна. Хөөрхий наадмаар хорих газарт байх юм байлгүй. Энэ эмэгтэй улс төрчдийн тоглоом болж дууслаа. Сайд Х.Тэмүүжингийн эрх ашиг, эсвэл Х.Тэмүүжингийн “дайснуудын” ашиг сонирхол л яригдаад байх юм. Гэтэл эмэгтэй хүний ашиг сонирхлын тухай хэн ярьж байгаа юм бэ. Г.Сарангэрэл Х.Тэмүүжинтэй унтсан унтаагүй гээд өөр өөр юм ярьчихсан. Ямар ч эрүүл хүн өнөөдөр нэг юм яриад, маргааш түүнийгээ үгүйсгэвэл тэнэг харагдана гэдгээ ойлгоно. Орон гарандаа тэр өдөр бүр өөр өөр юм ярьсан юм биш. Үүнийг Г.Сарангэрэлд ирж байгаа дарамт их байна гэж “уншиж” болно. “Хэрэг хүлээлгэнэ, ял өгнө” гээд хэн дуртай албан тушаалтан хүнийг дарамталж болдог юм уу. Одоо энэ охиноор тоглох хэрэггүй. Г.Сарангэрэл “тэсрэх бөмбөг”-ийн үүргээ хэдийнэ гүйцэтгэсэн. Пи арчид энэ охиныг тайван орхиж болно. Одоо энэ охин юу ч гэж хэлсэн олны сонирхол татахаа больсон. Х.Тэмүүжинг энэ охинтой холбоотой шуугианаар унагаж чадахгүй нь тодорхой болов. Түүнийг огцруулахыг хүсч байгаа улс төрчид өөр барьцтай “зэвсэг” олж авах хэрэгтэй. “Нялх амраг” тойрсон шуугиан дуулиан Хууль зүйн сайдыг аль хэдийнэ тиймхэн харагдуулах болсон. Г.Сарангэрэл пи арчдын хувьд тийм л үнэ хүрлээ. Одоо энэ охиныг тайван орхи. Энэ дуулиан сайд Х.Тэмүүжинг хүртэл нэлээд тэвдүүлээ байлгүй. Гэтэл залуу бүсгүйг ямар их хүчээр нэрвэх нь тодорхой. Амиа хорлох гэж оролдсон гэж ярихад нь яагаад хэн ч ач холбогдол өгөхгүй байна. Энэ бол эмэгтэй хүний амьдрал шүү дээ. Эх болох хүн. Үр хүүхдийнхээ өмнө нэр төртэй байх боломжийг энэ бүсгүйд үлдээ.
Өмгөөлөгч нь их сонин юм яриад байгаа. Түүнийг худалдаж авах гэсэн, дарамталсан, албан тушаал амласан л гэнэ. Х.Тэмүүжинтэй манай үйлчлүүлэгч унтаагүй гээд Г.Батбаяр өмгөөлөгч мэдэгдээд байгаа. Хүний хөнжлийн асуудлыг хэн нэгэн өмгөөлөгч тодорхойлдог юм биш. Хууль зүйн сайд Г.Сарангэрэлд өмгөөлөгч олж өгсөн гэсэн. Тэгвэл энэ өмгөөлөгч Г.Сарангэрэлийг биш Хууль зүйн сайдыг хамгаалах үүрэгтэй гэдэг нь тодорхой. Өмгөөлөгч нь хүртэл өөр ашиг сонирхолтой бол хөөрхий бүсгүй хэцүүднэ. “Сайн ах”-тай нэр холбогдсон биш шоронд ороод, хар тамхичин гэгдээд, бүр ял хүлээгээд дуусвал яана. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид хаана байна? Хүний эрхийн хуульчид яагаад үгээ хэлэхгүй байна. Залуу эмэгтэй улс төрчдийн золиос болоод хилс хэрэгт хэлмэгдэж байгаа юм биш биз?
Б.ЯНЖМАА