Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмэгтэй бол илүү ухаан зарах хэрэгтэй

“Хүүхэд асрах үйлчилгээний тухай хууль”-ийг батлах асуудал яригдах үед манай парламентад урьд өмнө үзэгдээгүй зүйл болсон нь УИХ дахь эмэгтэй гишүүд энэ асуудал дээр нааштай шийдвэр гаргахгүй бол УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн “айлгасан” явдал байлаа. Энэ нь энгийнээр хэлэхэд айлгасан явдал мэт боловч албан ёсоор бол бойкот үзүүлсэн хэрэг юм. Олон улсад улс төрийн үйл явц өрнөж байхад бойкот үзүүлэх явдал байдаг. Тэр дундаа эмэгтэйчүүд эрчүүдийн эсрэг ийм байдлаар бойкот үзүүлж байсан жишээнүүд олон билээ.

Бойкотын хамгийн том жишээнд Руанда улсад болсон эмэгтэйчүүдийн бойкот яах аргагүй дурдагддаг юм. Улс оронд нь иргэний дайн 20 орчим жил үргэлжилж, нэг нэгнээ хоморголон алах улайрал хэрээс хэтэрчихээд байлаа. Гуравхан сарын дотор 800 мянган хүнээ хорооно гэдэг дэндүү аймшигтай хэрэг. Эрчүүд дотоодын энэ дайнд бүр улайрчихсан байх үед эмэгтэйчүүд өөрсдийн чадах хэмжээнд сөрж боссон нь “Хэрэв та нар энэ дайнаа зогсоохгүй бол бид та нартай бэлгийн харьцаанд орохгүй” гэсэн бойкот байсан юм. Дайнд ханиа, үр хүүхдээ алдсан эмэгтэйчүүд энэ цусан голыг зогсоохын тулд өөрсдийнхөө чадах хэмжээнд хөдөлсөн нь тэр. Тэдний сөрөг арга хэмжээ ч үр дүнгээ өгсөн. Дайн дажингүй, зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийхэд эмэгтэй хүний өрөвч, зөөлөн сэтгэл хамгийн гол зэвсэг байдаг гэдэг нь нэгэнт батлагдсан. Тийм ч учраас 2008 оны сонгуульд Руанда улс парламентын сонгуульдаа эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг тусгаж өгсөн бөгөөд сонгуулиас сонгуульд эмэгтэйчүүдэд итгэх сонгогчдын тоо нэмэгдсээр өдгөө парламентын 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд болчихжээ. Ингэснээрээ Руанда дэлхийд засаглалын хувьд эмэгтэйчүүд давамгайлсан цорын ганц улс болчихоод байгаа юм. Хэрэв эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэхэд тэд тэнэгэрч, тархины бяд дутаад байсан бол сонгогчид ингэтэл тоог өсгөхгүй байсан байх л даа. Түүн шиг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлж байж, тэдний чадах эсэхийг мэддэг болов уу. Саяхан улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагынхантай уулзах үедээ УИХ-ын дарга З.Энхболд “Би 2007 онд Сонгуулийн тухай хууль яригдах үед эмэгтэйчүүдийн квотын эсрэг явж, тэр заалтыг унагахад оролцож явлаа. Харин энэ парламентыг даргалж ажиллаж байхад эмэгтэй гишүүд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, аливаад эрчүүдээс илүү хариуцлагатай ажилладаг гэдгийг харж байна. Тиймээс эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллана” гэж хэлсэн гэнэ лээ. Энэ бол зүгээр хүүхнүүдэд зориулж хэлсэн хэн нэгний хоосон үг биш, харин тэдэнтэй хамтарч ажиллаад ойлгож мэдэрсэн төрийн хүний үг болов уу. Эмэгтэйчүүд ар гэртээ амьдрал ахуйн нарийн ширийнийг анзаарч, үр хүүхдийнхээ өдөр тутмын үйл явдал эрүүл мэндэд анхаарал тавьж чаддаг. Яг энэ чанараараа улс орон гэх том гэр бүлийн чухал асуудлуудад ч оролцож саналаа оруулж байх нь чухал билээ. Хэрэв чуулганы хуралдаанд оролцохгүй гэж бойкотлох 14 эмэгтэй гишүүн байгаагүй бол гэртээ цоожлогддог хүүхдүүдийн асуудал бахь байдгаараа, цэцэрлэг, яслийн хомсдол хэвээрээ тэгээд тэдэн хүүхэд гэртээ шатаж үхлээ, тэдэн хүүхэд асрах хүн үгүйгээс түлэгдсэн, цуу уусан, цонхоороо унаж үхсэн гэсэн мэдээ урьдынхаараа үргэлжлэх байсан биз.

Энэ бол хүүхэд гаргаад гэртээ байж байгаа ээж нарыг ажилтай болгох юм уу, хэдэн хүнд сарын 250-350 мянган төгрөгийн цалин олгох асуудал биш. Харин эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүсийн, манай нийгмийн асуудал юм. Энэ ч утгаараа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэж байнга яригддаг биз ээ. Оролцоотой холбоотой хөгжилтэй гэмээр нэг түүх байдаг нь Израилийн Ерөнхий сайд асан Голда Мэйртэй холбогддог. Тухайн үед хатагтай Голда Мэйр Ерөнхий сайд болоогүй танхимын нэг гишүүн байж л дээ. Оройн цагаар эмэгтэйчүүд халдлагад их өртөж байгаа талаар Засгийн газрын гишүүд ярилцаж, нэг эрэгтэй сайд “Эмэгтэйчүүд халдлагад өртөөд байгаа тул хөл хорио тогтооё. Хүүхнүүдийг оройд гэрээс гаргахаа байя” хэмээн санаачилга гаргажээ. Харин энэ үед Голда Мэйр “Уучлаарай, хөл хорио тогтоох юм бол эрчүүдэд тогтоох болохоос хүүхнүүдэд тогтооно гэдэг утгагүй. Эрчүүд л тэр хэргийг хийгээд байгаа юм байгаа биз дээ” гэсэн байгаа юм. Хэрэв тэр кабинетэд эмэгтэй хүн байгаагүй бол, эм хүйсийн оролцоо байгаагүй байсан бол эрчүүд ядах юмгүй хүүхнүүдэд хорио тогтоох байж л дээ. Гэхдээ энэ бүхэн нь эрчүүд муу, эмэгтэйчүүд сайн гээд байгаа хэрэг биш юм. Ерөөсөө аливаа зүйл дээр баланс барих буюу жин бан нь аль аль талаасаа таарч байж, сайн шийдвэр гардаг гэдгийг л хэлж байгаа юм. Аль нэг хүйсийнхээ сайн хийж чаддаг, чаддаггүй зүйлийг нэг нь нөгөөгөө нөхөөд тэнцвэржүүлээд явна гэсэн үг. Тэгснээр төр засаг сайн шийдвэр, ухаалаг бодлого гаргана гэсэн үг шүү дээ. Угаасаа жендерийн тэгш байдал нь сайн засаглалыг тогтоох үндэс суурь болж байдаг гэгддэг. Манайхны хувьд өмнөх парламентад эмэгтэйчүүд ердөө гурван хувийг эзэлж байсантайгаа харьцуулахад 14,5 хувь болж нэмэгдсэн. Гэхдээ энэ нь дэлхийн дундаж болсон 21,9 хувьтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.

2005 онд УИХ-ын 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг баталж, 2015 он гэхэд улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь болгож нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьж байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн өмнө монголчууд бид тийм үүрэг даалгавар авсан. Харамсалтай, үүнийгээ биелүүлж чадаагүй. Угаасаа нэр дэвших боломжоос нь эхлээд энэ бүхэн хязгаарлагдмал хүрээнд явж ирсэн. Тухайлбал, 1992 онд 293 хүн дэвшсэнээс гурав, 1996 онд 302 нэр дэвшигчээс найм, 2000 онд 602 хүн дэвшсэний 9, 2004 онд 244 нэр дэвшигчээс таван эмэгтэй хүн сонгогдож байв. Харин 2008 онд 356 нэр дэвшигчийн 66 нь эмэгтэй байсан бөгөөд ердөө гурав, 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байсны 11 эмэгтэй УИХ-ын гишүүн болж байсан байдаг. Энэ бүх нөхцөл байдал нь шийдвэр гаргах түвшинд, аймаг, нийслэлийн ИТХ-д Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулинд заасан нөхцөлүүд хэрэгжиж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр бид олон улсад амлалт авахаар биелүүлж чаддаггүй, дотооддоо хууль батлахаар хэрэгжүүлж чаддаггүй болохоор яах ёстой вэ.

Юуны өмнө бид сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй шиг байгаа юм. Монголчуудын хүчирхэг байдгийн нууц гэгддэг хаан, хатан ухааны тэнцвэрт байдлыг алдагдуулахаар манжуудын бодлого болгож ирсэн “Янтгар хатан зарга шүүдэггүй, ямаан толгой ямбанд гардаггүй” гэсэн ойлголтыг бидний уламжлалт бодлого биш гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Дээрээс нь эмэгтэй түшээдэд эрчүүдээс илүү өндөр шаардлага тавьж, эрчүүдээс илүү ухаалаг байхыг шаарддаг нь хэр шударга вэ гэдгийг эргэцүүлмээр байгаа юм. Яг үүнтэй эсрэгцээд шийдвэр гаргах түвшинд гарахаар бэлтгэгдэж байгаа эмэгтэйчүүдээ ч бэлдмээр байгаа юм. Эрэгтэй улстөрч хаа нэг газар бүжиглэсэн бол мундаг байна, нээлттэй байна гэдэг. Л.Эрдэнэчимэг бүжиглэчихвэл тэнэг нь тэр хэр гэдэг. Хэн нэгэн эрэгтэй гишүүн баавгай алсан байхад хүмүүс юм хэлэхгүй мөртлөө эмэгтэй нь чихмэл туулай бариад зогсохоор буруудчихдаг ийм нийгэмд бид амьдарч байгаа. Энэ нь эмэгтэй түшээдийг илүү сайн байж, илүү хийгүй ажиллаж амьдрахыг л шаардаж байгаа хэрэг л дээ. Бас хэн хэзээ ч гаргасан юм эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэсэн ойлголт нэлээд хол явж ирсэн. Гэтэл үнэндээ сүүлийн хэдэн сонгууль дамнасан судалгаанаас харахад эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ санал өгдөг болжээ. Учир нь тэд эмэгтэйчүүдээр дамжуулж, өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ асуудлыг шийдүүлж чадна гэдгээ мэддэг болсон байна.

Эмэгтэй түшээдийн хувьд алдаа нь эрчүүдийнхээс том болж харагддаг, алдааг нь шүүмжлэхээсээ дооглож доромжлох гээд байдаг учраас илүү сайн хичээж, дэргэдээ мэргэн түшмэд, мэргэжлийн баг ч ажиллуулмаар санагддаг юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдтөл өөр нөхцөлд ажиллана гэж ойлгож болно. Харин мэддэг чаддаг гэдгийг нь ойлгоод эхлэхээрээ хүмүүсийн байр байдал тэс өөр болдог. Тухайлбал, энэ парламентад Л.Эрдэнэчимэгийн хийсэн, хэлсэн бүхэн буруутаад байдаг атлаа хэдэн парламент дамжиж хатаагдсан тулхтай, туршлагатай гишүүд болох Д.Оюунхорол, С.Оюун нартай холбоотой яриа гараад байдаггүй. Тиймээс эмэгтэй нэр дэвшигчдийг бэлдэж, боловсруулах нь хэдэн эмэгтэйн асуудал биш нийгмийн асуудал болчихоод байна. Хүн амын 50-иас дээш хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо 15 хувьд ч хүрэхгүй байгаа нь дэндүү бага. Оролцоо ойролцоо, жигд байх нь эмэгтэйчүүдийн асуудлыг өндөрт аваачиж тавиад байгаа хэрэг биш харин улс орондоо сайн засаглалыг бүрдүүлэх л үнэт ашигтай билээ. Энэ бүхнийг удахгүй яригдах Сонгуулийн тухай хуулиндаа тусгаж, чиг мөрийг нь суулгаж өгөх нь нийт монголчуудад үр ашигтай байна гэдгийг нурших нь илүүц болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *