Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн ням гаригт(11.16) БНСУ-ын Чэжү аралд эхэлсэн билээ. 8 дахь удаагийн тэмцээнд Европын 26, Африкийн 11, Америкийн 13, Азийн 15, далайн орнуудын хоёр, нийт 67 орны 280 тамирчин 10 жинд өрсөлдөж байна.
Чэжүгийн рингэнд Монгол Улсын шигшээ багийн ахлах зөвлөх, дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайван, “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч, ОУХМ Л.Энхбаатар нарын удирдлага дор найман боксчид өрсөлдөж буй. Гэвч өнөөдрийн байдлаар манай гурван боксчин шөвгийн 16-д шалгарсан юм. Тэднээс яг одоо (13.00) 48 кг-д Азийн аварга, ОУХМ Г.Болортуул шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Энэтхэгийн боксчин Саржубала Шамжетсабамтай тулалдаж байна. Тэрбээр эхний даваанд ТАБНУ-ын Жудих Мбонадег гуравдугаар үед техникийн нокаутаар, дараа нь Боливийн Надиа Барригаг 3:0-оор ялснаар шөвгийн 16-д шалгарсан юм.
Г.Болортуулаас гадна 54 кг-д спортын мастер М.Гүндэгмаа, 57 кг-д спортын мастер Н.Оюун-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгарсан юм. Тэд маргааш шөвгийн наймын тулаанаа хийнэ.
Харин Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ний мөнгөн медальт ОУХМ М.Нандинцэцэг, Азийн аварга ОУХМ Э.Уянга, ОУХМ О.Сувд-Эрдэнэ нар эхний учраа дийлэлгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.
Өнөөдрийн тоглолтын хуваарь: