Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн сантай хамтран КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр, Голомт банк, Голомт капитал, Хөгжлийн шийдэл ТББ, МҮХАҮТ байгууллагуудтай хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг хэрэгжүүлж байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой дээрх төслийг хэрэгжүүлээд даруй жил гаруй болжээ. Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн шилдэг санаа, шалгарсан төслийг дөрвөн сарын турш Инкубатор төвд бойжуулдаг бөгөөд тухайн бизнес эрхлэгчийг өөрийн бизнесээ амжилттай удирдахад нь тус болох бүх төрлийн сургалтад хамруулахаас гадна бүтэн жилийн турш зөвлөгөө өгч ажиллаж буй аж.
Үүний үр дүнд нийт 4 ээлжинд 32 эмэгтэй ажил, амьдралдаа дэвшил гаргах бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон бөгөөд эхний санхүүжилтийг Азийн сангаас олгосон байна.
Харин Голомт банк нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-гийн зах зээл дэх хамгийн бага хүү болох жилийн 8.4 хувийн хүүтэй зээлийг олгох батламжийг гардуулав.
Уг бизнесийн зээл нь хувь хүнд 10 сая төгрөг, ААН-д 20 сая төгрөг хүртэлх зээл олгодог байна.