Categories
мэдээ цаг-үе

Эмээлтээс цааш иргэдэд газар олгож байна

-ХҮЙТНИЙ ХӨНДИЙД ГАЗАР ОЛГОЖ БАЙНА-

Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийн дагуу цахимаар газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 9-ний хооронд явагдаж дууссан.

Цахимаар газар өмчилж авахаар сонгогдсон иргэд харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаад буй. Зарлагдсан байршилд акт үйлдэн баталгаажуулах ажлыг гүйцэтгэх компаниудыг тендерээр шалгаруулсан юм байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн аманд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн Тариан булаг, хоёрдугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Хангайн хөндийд “Онч сөрвей” ХХК тус тус уг ажлыг гүйцэтгэхээр болсон юм.

Өчигдөр Эмээлт уулын баруун хоолойд газар олгож буй “Геоцацраг” ХХК-ийн гэрт очлоо. Тус компанийнхан иргэдэд газар олгох ажлыг гардан хийж байгаа юм. Газар олгож буй байршилдаа гэр бариад амралтын өдөргүйгээр өглөө 10 цагаас орой 17 цаг хүртэл үйлчилж байна. Эмээлтийн давааг уруудаад хэсэг явж байгаад баруун гар тал руу буюу ертөнцийн зүгээр хойш, Хүй долоон худаг руу салдаг зам бий. Яг тэр замаар салахын наахна замын урд талд уг компанийн ганц гэр байрлаж байна. “Газар олголт” гээд томоор биччихсэн анонсыг гэрийн дээд бүслүүрээс бэхэлчихэж. Хэн ч харсан, энд газар олгож байгаа юм байна гэж ойлгогдоно. Гадна нь машин тэрэг зогсоно. Гэрт орлоо. “Гео цацраг” компанийн ерөнхий инженер Б.Бямбадорж иргэдийг бүртгэж сууна.

Иргэд “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт”-оо түүнд өгөөд “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ыг бөглөж байна. Мөн 30 мянган төгрөгийг бэлнээр төлж байлаа. Пайз, газрын кадастр, ажлын хөлс зэрэг нь энэ мөнгөнд багтаж байгаа аж.

Ингээд бичиг цаасны ажил дууссаны дараа ерөнхий инженер “Та түр хүлээж байна уу. Танай байршил нэлээд цаана юм байна. Цэнхэр тугтай “Pajero” машин ирэхийг хүлээ. Ирэхээр нь суугаад газраа заалгаад гадаслагаа, тэмдэглэгээгээ хийлгэнэ үү. Тэгээд тавдугаар сард Газрын албанаасаа өмчлөх шийдвэрээ аваарай” гэж нэг бүрчлэн захих аж. Хэрэв хуваарилагдсан газар нь замдаа ойрхон байвал “Та 89-43 дугаартай машин ирэхээр суугаад газраа заалгана уу” гэж зөвлөнө. Энэ байршилд 3400 иргэнд 20х25 хэмжээтэй буюу 0.5 га газар өмчлүүлэх бөгөөд өчигдрийн байдлаар мянга гаруй хүн газраа заалгаад актаа аваад байгаа юм байна.

Эдний компани цагаан сарын өмнөөс энд ажилчдаа байрлуулжээ. Иргэдийн хувьд бичиг баримтаа дутуу авч ирэх тохиолдол их гарч байгаа аж. Газар олгож, хуваарилахдаа шууд компьютерийн программын дагуу олгосон болохоор зарим хүмүүс “Замдаа ойрхон газар өгч болоогүй юм уу”, “Манайх хэтэрхий хол юм байна” гэх мэтээр маргаж байгаа гэнэ. Тус компанийнхны хувьд газар хуваарилахад ерөөсөө ойролцоогүй. Хуваарилсан газрыг нь зааж, кадастрыг нь хийн, гадаслагаа хийлцэж, пайзжуулах ажлыг нь түргэн шуурхай хийж өгч үйлчилж байгаа гэдгээ тайлбарлаж байв. Гэхдээ иргэдийн хувьд “Төрийн минь буян. Үнэгүй газар өгч байгаад баяртай байна” гэх талархлын үг их хэлж байгаа гэнэ. Зарим нь “Хурдан морьдын тоосон дунд амьдрах юм байна” хэмээн бэлгэшээж “Өнөө жилийн наадмын хурдан морьд бариалахыг Эмээлт хайрхан дээрээс харж болох юм байна шүү” гэжээ. Иргэдийн хувьд хотын их утаанаас хол, салхины дээд талд, “Монгол наадам” цогцолборын ойролцоо төв зам дагуу газар авснаа ихэд олзуурхаж байгаа юм байна. Энэ газар нь Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны харьяа хэсэг бөгөөд Эмээлт уулын баруун хоолой гэж нэрлээд байгаа ч нутгийн иргэд энэ орчмыг Хүйтний хоолой гэж дууддаг гэнэ. Өвөлдөө нэлээд салхи жавартай учир Хүйтний хөндий гэж нэрлэсэн гэж тээврийн жолооч нар ярилцдаг аж. Өвөлдөө уг хөндийд айлууд өвөлждөггүй бол зундаа ороод ирдэг гэнэ. Зуны улиралд энэ хөндийд зуншлага таатай, өвсний гарц сайн байдаг тухай энэ хавийн малчид ярилцдаг юм байна. Гол горхи, ой мод үгүй ч өгөөжтэй хөндий гэдгийг Эмээлтэд амьдардаг иргэд ярьж байлаа. Газраа заалгахаар ирсэн нэгэн залуу “Энэ хөндийд газар авахаар болсныг эмээ маань дуулаад өгөөж баян хангай гэж хэлж байна лээ. Түүх домогтой л хөндий гэсэн. Зундаа өвс ургамалтай сайхан газар гэсэн. Зуслангийн байшин баривал тохиромжтой болов уу гэж бодож байгаа” гэж ярилаа.

Хүйтний хөндийд иргэд газар өмчилж амьдрах учир түүнийг нь дагаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх газрууд баригдах нь тодорхой. Эдгээр газруудыг нь хаана, яаж байршуулахыг зурагт тодорхой заасныг харлаа.

Өдөрт дунджаар 150-160 хүн ирж актаа авч байгаа юм байна. Энэ сарын 12-ныг хүртэл эдний компани энд ажилчдаа байрлуулж үйлчлэх гэнэ. Энэ хугацаанд багтааж ирж үйлчлүүлбэл хэн хэндээ чирэгдэлгүйг сануулж байлаа. Өчигдөр өдрийн 13 цагийн үед 30 гаруй иргэн ирж бүртгүүлээд байв. Цэнхэр туг намируулсан “Pajero” жийп тоос татуулан цаашилна. Араас нь машинууд дагах аж. Газар өмчлөхөөр болсон иргэд нэгээс хоёр хүнтэй хамт ирдэг юм байна. Төмөр гадас, цемент, модон шон гээд л хуваарилагдсан газрынхаа дөрвөн буланд зоох, тэмдэглэх зүйлсээ алх, лантуу, хүрзтэй авчирчээ. Зарим айл нь хуучин дугуй авчирч суулгаж байгаа гэнэ. “Гео цацраг” компанийн зүгээс тэмдэглэгээг дахин шалгах ажилчдыг гаргажээ. Иргэдийн тавьсан тэмдэглэгээ, шон зэргийг сугалж авах, машинаар дайрах зэрэг үйлдэл гардаг юм байна. Тиймээс дараа нь элдэв будлиан гарахаас сэрэмжилж тэмдэглэгээ, гадас зэргийг нь шалгаж, дахин гадаслаж байлаа. Айлуудын өмчилсөн газрын дөрвөн буланд төмөр гадас зоогоод дээр нь дугаарыг нь шууд шивж пайзжуулж байгааг харлаа. Гэвч хог, төмөр түүдэг хүмүүс гадсыг нь сугалаад байгаа нь хүндрэл үүсгэж буйг тус компанийн ажилчид учирлана. Хүй долоо худаг руу явсан өндөр хүчдлийн шугам Хүйтний хөндийн араар дайрч байгаа болохоор эндхийн иргэд тог цахилгааны асуудалд нэг их толгой өвтгөхгүй бололтой.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *