ЭМЯ-наас санаачлан эрүүл мэндийн салбарт сувилагч бэлтгэн гаргадаг төрийн болон хувийн хэвшлийн 11 сургуулийн сувилахуйн шинжлэх ухааны багш нарын анхдугаар чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.
Уг чуулганд сувилахуйн 11 сургуулийн 50 орчим багш сувилахуйн боловсролын төлөвлөгөө, цаашдын хөгжил, чадвартай мэргэжилтнүүд бэлтгэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
ДЭМБ-ын тооцоогоор ойролцоогоор 35 сая сувилагч, эх баригч нар дэлхий дээр ажилладаг бөгөөд энэ нь эрүүл мэндийн байгууллагын голлох нөөцийг бүрдүүлдэг байна. Судалгаагаар өндөр боловсролтой сувилагч нар өвчтөний аюулгүй байдал, тусламжийн чанарыг сайжруулж, амьдралын түвшинг дээшлүүлдэг болохыг тогтоосон аж. Иймд сувилахуйн боловсролын баримтлах бодлого, агуулга, арга зүйд шинэчлэл хийх зорилгоор тус чуулганыг зохион байгуулав.
ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн тус чуулганд оролцож, үг хэлэхдээ, “Сувилахуйн сургууль нь ёс зүйтэй, харилцааны ур чадвартай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх болон сэтгэн бодох, зөвлөгөө өгөх, удирдан чиглүүлэх чадварыг эзэмшүүлсэн эмч, сувилагч нарыг бэлтгэх хэрэгтэй. Учир нь эрүүл мэндийн салбарт эмч сувилагчийн ёс зүй, харилцааны талаар гомдол санал их гарч байна” гэсэн юм.
Чуулганы үеэр Монгол Улсад сувилагч мэргэжлээр ажиллахад ачаалал их, ажиллах орчин нөхцөл муугаас гадна цалин нийгмийн хангамж тааруу учир энэ мэргэжлийг сонгон суралцах хүмүүсийн тоо буурах чиг хандлагатай байгааг хэлж байв. Гэтэл дэлхийн жишигт сувилагч мэргэжилтэн хамгийн эрэлттэй, нэр хүндтэй байдаг аж.
“Дэлхийн бусад улс орны эрүүл мэндийн байгууллагуудын дундаж жишгээс харахад нэг сувилагчид насанд хүрсэн 4-5 өвчтөн, нэг хүүхэд ногддог бол манайд энэ жишигт хүрэхэд нэлээн цаг хугацаа шаардана. Тиймээс ачааллыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт анхаарч ажиллах нь илүү үр дүнтэй” гэж сувилахуйн ухааны багш Т.Даваахүү хэллээ.
Дашрамд дурдахад, АШУҮИС болон сувилахуйн сургуулийн сувилагч мэргэжлийн төгсөгч нар 63 мэдлэг, 174 чадвар, 62 хандлагыг эзэмшиж гардаг гэсэн судалгаа байдаг ажээ.