Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эмч, мэргэжилтнүүд ажил, амьдралын балансаа тэнцвэржүүлэхгүй байснаар сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай нүүр тулж байна” гэв

-ИРГЭДИЙНХЭЭ СЭТГЭЛ ЗҮЙ РҮҮ ЧИГЛЭСЭН АЖИЛ ХИЙХЭЭС ИЛҮҮ ШОУ ИНТЕРТАЙМЕНТЫН СУРТАЛ, УХУУЛГА ИХ БОЛООД БАЙНА-

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн КОВИД-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч энэ сарын 28-29-нд шилжих шөнө зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.Талийгаач эмэгтэй Д.Э нь 1979 онд онд төрсөн бөгөөд 42 настай байжээ. Тэрбээр 13 настай хүү, найман настай охины хамт Чингэлтэй дүүрэгт амьдардаг байсан аж. Талийгаач 14 хоногийн хугацаанд өвчтөнүүдтэй хамт тусгаарлагдаж, эмчилгээ үзүүлэх багт ажиллаж байжээ. Тодруулбал, тус эмнэлгийн зүүн жигүүрт коронавирусийн халдвартай иргэдийг хүлээн авч, эмчилж байсан аж. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Энэ талаар холбогдох эх сурвалж хэлэхдээ “Манай ковидын ээлж гурав хоногийн өмнө солигдсон. Тэгэхээр талийгаач саяхан шинээр орсон багт ажиллаж байсан гэсэн үг. Миний мэдэхийн энэ долоо хоногийн даваа гаригт шинээр орсон шүү дээ. Тэгэхээр айхавтар ачаалалтай өдөр шөнөгүй ажилласан зүйлгүй, хоёр гурав л хонож байна. Гэхдээ тухайн хүний ар гэрээс шалтгаалсан байж магадгүй” хэмээн хэлсэн юм. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Одоогийн байдлаар манайхаас мэдээлэл өгөх боломжгүй байна. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байгаа” гэв.

Энэ асуудлаар сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


Ковидын эмчилгээний улаан бүсэд ажиллаж байсан сувилагч нас барсан хэрэг гарчээ. Голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүд сэтгэл зүйн хямралтай байгааг энэ үйлдэл харуулж байх шиг?

-Үүнийг ажлаас халшрах эмгэг хэмээн тайлбарлана.Хэрвээ шинэ ажилтан байсан бол ажлын ачааллыг хүлээж авч чадахгүй улмаар ийм нөхцөл байдал орох эрсдэлтэй. Харин эсрэгээрээ эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан бол хэт ачааллаас үүдэлтэй сэтгэл гутралд орсон байж болно. Цаашилбал, түүний хувийн амьдралд юу тохиолдсон бэ гэдгээс ихээхэн шалтгаална.Ерөөс ажил амьдралын балансыг тэнцвэржүүлэхгүй байснаар сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай нүүр тулдаг. Миний хувьд ковидын шинжилгээ маань эерэг гарсан учраас яг одоо эмнэлэгт хэвтэж байна. Тиймээс ч яг бодит байдлыг нүдээр үзэж байна л даа. Эмнэлгийн эмч, сувилагчид маань энэ цаг мөчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна.

Улаан бүсэд сувилагчид хэрхэн ажиллаж байгааг тодруулбал?

-Тэд өвчтөнүүддээ тариа хийх, платуудыг цэвэрлэх, эмнэлгийн хог хаягдлыг хаях, коридорыг цэвэрлэх, хэвтэн эмчлүүлэгсдийн биеийн байдлыг цаг тутам шалгах гэх мэтчилэн үйлдлийг өдөрт олон удаагийн давтамжтай хийж байна. Сувилагч өдөрт хэдэн хүнд үйлчлэх вэ гэдгээс шалтгаалж ажлын ачаалал нэмэгдэнэ. Түүнчлэн ажил амралтын зохицуулалт, удирдлагаас өгч буй үүрэг даалгавар, тэдний харилцаа хандлага ямар байх нь ажилчдын сэтгэл зүйд ихээхэн нөлөөлнө. Хэрэв энэ бүхэн хангалтгүй байвал ажлаасаа халширч сэтгэл зүй нь хурц хэлбэрээр давчдах эрсдэлтэй.

Ажлаас халшрах эмгэг нь ямар тохиолдолд илрэх вэ?

-Сургуулиа төгсөөд ажилд орсон тохиолдолд эхний хоёр жил зарим хүмүүст маш их хэцүү байна. Гэхдээ хүн бүрт харилцан адилгүй. Ковидоос шалтгаалж нийгмийн орчин иргэдэд айдас төрүүлж байна. Сэтгэл зүйн хувьд суурь шалтгаантай, хямралтай хүмүүсийн хувьд хоёр жил хар дарсан зүүд шиг л байсан болов уу. Тэр дундаа эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч мэргэжилтнүүд ажлын хэт их ачаалал, хөдөлмөрийн мөлжлөгөөс үүдэлтэйгээр сэтгэл зүйн хямралтай болж байна. Хэрэв үүссэн асуудлыг ажил дээрээ шийдвэрлэж чадахгүй бол гэртээ авч очдог. Эсвэл асуудлаа шийдвэрлэхгүй нууж дарж явсаар бөөгнөрүүлэх эрсдэлтэй байдаг. Ингэснээр аливаад эрүүл ухаанаар хандаж чадахгүйд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр ажлын ачаалал нь ямар ч хүнийг сэтгэл гутралд хүргэдэг. Үүнийг дээр дурдсанчлан ажлаас халшрах эмгэг гэж тайлбарлана.

Талийгаачийн хувьд энэ долоо хоногийн даваа гаригт ажилдаа орсон гэх мэдээлэл байна. Тиймээс энэ нь ажлын ачааллаас үүдэлтэй биш гэсэн тайлбар бий?

-Энэ бол ажлын хоёр, гурван хоногийн асуудал биш. Ийм шийдвэр гаргахад ужгираад удсан асуудлууд нөлөөлдөг. Улмаар шийдэх гарц гаргалгааг олох бололцоо цаг зав гарахгүй байж болно.Ажлын орчин, нөөц хангамж, ажилдаа сэтгэл ханамжтай байх, цалин хөлс зэргээс шалтгаална.

Сэтгэл гутралд орж улмаар сэтгэлээ тайтгаруул, онгойлгож чадалгүй удаан явбал сөрөг үйлдэл хийх эрсдэлтэй болов уу?

-Тулгамдсан асуудлаас хамаарч сэтгэл гутрал, хямралын хүнд хэлбэр рүү шилжсэнээс амиа хорлох хүртэл үйлдэл хийнэ. Ер ньэнэ цаг үед эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хувьд гэр бүлийн амьдрал байхгүй болж байна л даа. Гэр бүлийн амьдрал гэж юу болохыг бид бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгтэл гэр бүлтэйгээ хамт байх цаг хугацаа хумигдаад зөрчил үүсэх, таагүй уур амьсгалтай болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн онцлогоос үүдэлтэй гэр бүлийн харилцаанд асуудал үүссэн байж болно гэж хувьдаа таамаглаж байна.Нийгмийн сэтгэл зүй үүнд гол нөлөөллийг үзүүлж байна шүү дээ. Энэ үед удирдах албан тушаалтнууд маань сэтгэл зүйн тусламж үйлчилгээг иргэд, ажилчид руугаа чиглүүлж ажиллахгүй байна.

Тэгэхээр голомтод ажиллаж байгаа эмч ажилчдад сэтгэл зүйн зөвлөгөө дутагдаад байна гэсэн үг үү?

-Иргэдийнхээ сэтгэл зүй рүү чиглэсэн ажил хийхээс илүү шоу интертайментын суртал, ухуулга их болоод байна. Ковидын нөхцөл байдлаас болоод эмч эмнэлгийн ажилчдын зан үйлд өөрчлөлт ороод байна л даа. Тэгтэл манайхан сэтгэцийн өөрчлөлтийг ойлгохгүй хэвээр. Ерөөс суурь өвчлөлөөс үүдэлтэй нас баралтаас илүү сэтгэл зүйн хямрал амь насаа алдах томоохон шалтгаан болдог. Тэгэхээр харилцан бие биенээ дэмжиж, бодлогын түвшинд энэ асуудлыг авч үзмээр байгаа юм. Эерэг харилцаанаас улбаалж л нийгмийн сэтгэл зүйд өөрчлөлт ордог байгалийн хуультай.Сэтгэл зүйн хувьд өөрийгөө нээж гаргах гэдэг чинь хамгийн том чадвар шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *