Эмч, багш нар цалингийн зээлийн хүү буурсан талаар өнөөдөр ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Манай улсад 91 мянган эмч, багш ажилладаг гэх статистик мэдээлэл бий. Ийнхүү нийгмийн үйлчлэгч хэмээгддэг эмч, багш нар цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй болгон бууруулж, хураамжийн шимтгэлгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэйгээр авдаг. Мөн арилжааны банкны зээлийн нөхцөлийн дагуу цалингийн зээл анх авах, зээлийн нөхцөл өөрчлөх болон гэрээ сунгах үед зээлийн дүнгийн нэг хувийн ШИМТГЭЛ төлдөг юм. Тэгвэл тус ажлыг хэрэгжүүлснээр зээлийн хүүг 18 хувь болгон бууруулж, шимтгэл болон өргөдлийн хураамжийг тэглэнэ. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтанд санхүүгийн бодит дэмжлэг болох юм. Түүнчлэн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван жилээс доошгүй, үүнээс сүүлийн 12 сард нь тасралтгүй төлсөн байх шаардлагыг тавих бөгөөд цалингийн зээлийн дүн нь зээлдэгчийн зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрвээ зургаан сарын цалингаас өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэр, нөхцлийн дагуу хуучин олгож байсан журмаараа зээл олгох ажээ.