Боловсролын үнэлгээний төв ирэх оноос элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээ шууд мэдэх боломжтой шилэн технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр 21 аймаг есөн дүүргийн элсэгчид шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломж бүрдэх аж. Уг технологийн тусламжтайгаар нэг тэрбум төгрөг иргэдийн халааснаас хэмнэх тооцоо бий гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ хэлжээ.
Энэхүү технологийг нэвтрүүлэх туршилтыг өнгөрсөн жил Орхон, Ховд аймагт амжилттай туршиж, үр дүн нь маш сайн гарчээ. Өмнө нь шалгалтын материалыг бүх аймгаас таталт хийгээд засахад 14 хоног зарцуулдаг байжээ. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн хүүхдүүд дүнгээ хүлээдэг байсан нь олон хүндрэл бэрхшээлийг дагуулдаг байсан. Жилд 10 мянга орчим сурагч сумын төвөөсөө аймгийн төвд ирж шалгалт өгдөг юм. Шалгалтаа өгчихөөд буцаад сум руугаа яваад 14 хоногийн дараа дахин аймгийн төв орох шаардлагатай болдог байсан. Тиймээс хамгийн гол нь шалгуулагчийн чирэгдлийг багасгах, шударга зарчмыг тогтооход илүү түлхэц болох арга гэдгийг салбарынхан нь онцлон хэлж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтыг таван өдөр, 10 хичээлээр зохион байгуулах юм байна. Дашрамд дурдахад, шалгалтын дүн засдаг технологийн машиныг АНУ-д үйлдвэрлэсэн бол программ хангамжийг нь монгол залуус хийжээ.