Өнгөрөгч шөнө хөлбөмбөг сонирхогчийн “арааны шүүсийг гоожуулсан” хачин сонирхолтой хоёр тоглолт Европын ногоон талбайд зохиогдлоо.
Ла Лигийн 28-р тойрогт Испаний АШТ-ийг тэргүүлж байгаа “Барселон” өөрийн мөнхийн өрсөлдөгч хэмээгдэх “Реал”Мадридыг хүлээн авч 2:1 оноогоор ялснаар 68 оноотой болж эзэн хааны багаас дөрвөн оноогоор тасарч эхэллээ. Энэ тоглолтод “Барса”-гаас Матье, Суарес нар бөмбөг оруулсан бол “Реал”-ын Рональду нэгдүгээр үед мөргөж хариу нэг гоолыг хийжээ.
Дээрх тоглолтоос дутхааргүй сонирхолтой наадаан Английн хойд хэсэгт орших хоёр хотын багууд Ливэрпүүл, Манчестер Юнайтэдын хооронд зохиогдов. Үүх түүхээ сөхвөл зуун жилийн сөргөлдөөний намтар яригдах энэ тулаанд харин зочилж ирсэн баг нь 2:1ээр ялж “Ливэрпүүл”-ийг он гараад ялсан анхны Премьер Лигийн баг хэмээн “цоллуулав”. Ялсан багийн хоёр гоолыг Хуан Мата хийсэн бол хариу гоолыг Старриж хоёрдугаар үеийн дунд үед хүн дутуу тоглож байхдаа хийжээ. Учир нь хоёрдугаар үе дөнгөж эхлэхэд сэлгээгээр талбайд гарсан Жеррард өрсөлдөгчийнхээ хөл дээр санаатай гишгэсэн гэх үндэслэлтэйгээр шууд улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн юм. “МЮ” 59 оноотойгоор Премьер Лигийн дөрөвдүгээр байранд байгаа бол түүнд хожигдсон “Ливэрпүүл” 54 оноотой тавдугаар байранд бичигдэж байна.
Б.Хулан