Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний вирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?


Элэгний вирусээс хэрхэн урьдчилан сэргийлж, халдвар авахгүй байх арга замуудын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайханаас  тодрууллаа. 

-Манай улс дэлхийд элэгний В, С вирусийн халдвар хамгийн өндөртэй оронд тооцогдож байгаа гэсэн. Хүн амын хэдэн хувь нь элэгний вирусийн халдвартай вэ?

-Манай оронд 2013 оны байдлаар нийт хүн амын дунд гепатитийн С вирус 15.6 хувь, элэгний В вирус 11.8 хувь, Д буюу дельта вирусийн халдвар 4.8 хувийн тархалттай байна. Энэ нь дэлхийн дунджаас зургаа дахин өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, арван таван хүн тутмын нэг нь элэгний  С вирусээр халдварласан гэсэн үг. Энэ бол аюул. Өндөр хөгжилтэй оронд элэгний вирустэй бол ХДХВ халдвартай адилтгаж үздэг. Эмчлэх бүхий л арга хэрэглэдэг юм билээ. Манайд даанч ард иргэд маань, эрүүл мэндийн байгууллагынхан үүнд дасал болчихсон байна.

-Элэгний В, С вирус хүнд ямар замаар халдварлаж байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

-Ерөнхийдөө элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн вирус (А,В,С,D,Е,G,F,TT)  байдаг. Эдгээрээс манай оронд А,В,С,D вирусийн халдварууд зонхилон тохиолддог. Элэгний В.С.Д /дельта/ вирус бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр, мэс заслын үед, зүү тариураар ихэнхдээ халдварладаг. 

-Дээр үед зүү,  тариур буцалгаж хэрэглэдэг байхад зүүнээс халддаг байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон гэж хүмүүс ойлгож байгаа. Тэгвэл одоо ч зүүнээс халдвар тарах эрсдэл бий гэсэн үг үү?

-Тиймээ. Ялангуяа мэс ажилбар  хийх, шүд авахуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, шивээс хийлгэх, гоо сайхны мэс засал хийлгэх гээд энэ бүхний цаана элэгний вирус халдварлах магадлал маш их байдаг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн багаж хэрэгслийг олон удаа дамжуулан хэрэглэх, ариутгал дутуу хийгдсэнээс ийм эрсдэл гардаг. Тэгэхээр иргэд шүдээ авахуулахаасаа өмнө ямар байна, сарын дараа ямар байна вэ гэдгийг харьцуулж үзсэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Шүд авахуулахаасаа өмнө С  вирус  байхгүй  байж  байгаад  сар,  зургаан  сарын  дараа  вирус  илэрвэл шүдээ авахуулахад нь халдвар дамжсан гэсэн үг. Мөн хагалгаанд орохоос өмнө С вирусгүй  байлаа.  Гэтэл  хагалгааны дараа  гурав  юм уу,  зургаан  сарын дараа вирус  илэрвэл  хагалгаанд  орохдоо  мэс  ажилбараас халдвар авсан гэж мэдэх боломжтой. 

-Хүмүүс элэгний вирусийн халдвар  аяга, бохир гараар дамжиж байна гэж ярьж байна.  Ялангуяа айраг уухдаа нэг аягаар дамжуулснаас болж халдвар авч байна гэсэн яриа гарсан байна лээ. Ийм замаар халдвар тарах уу?  

– А, В, С, Д вирусийн халдвар өөр өөр замаар халдварлана. А вируст гепатит  өвчтөний биеэс өтгөнөөр нь ялгаран гарч, хөрс, ус, хүний гар, ахуй орчны эд юмс, хүнсийг бохирдуулж тэдгээрээр дамжин эрүүл хүний хоол боловсруулах замаар орж өвчлүүлдэг. А вируст гепатитын эсрэг вакцин тариулах, гараа бохирдсон тухай бүрт нь тогтмол угаах, хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сахих, түүхий ус, цэвэрлээгүй жимс ногоо хэрэглэхээс зайлсхийх, ил задгай газарт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх зэргээр анхаарч болно. Харин В, С вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр, бохир буюу хангалтгүй ариутгасан эмнэлэг, гоо сайхны багаж хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэх явцад шарх, шалбархайгаар дамжин халдварладаг. Мөн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох бас вирус тээгч, өвчтэй эхээс урагт дамжин халдварлана. Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, хамгаалалт хэрэглэх нь чухал юм. Гадаад орчинд элэгний В, С вирус тэсвэргүй байдаг тул бохир гараар дамжихгүй. Аяга, сав суулгаар дамжихгүй гэсэн үг. Харин анхааруулж хэлэхэд эмэгтэйчүүд чихээ цоолуулах, хөмсөг шивүүлэх, арьсаа татуулах гээд гоо сайхны хагалгаа хийлгэхдээ тухайн үйлчилгээний газраас  багаж хэрэгслээ ариутгасан эсэхийг асууж, зохих  шаардлагыг тавьж байх нь чухал. Нэмж хэлэхэд хүүхдүүдээ А, В вирусийн вакцинд хамруулснаар урьдчилан сэргийлж чадна. 

-Элэгний вирус эдгэрдэггүй гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Элэгний вирус бие махбодид орчихсон л бол ханиадны вирустэй адил эм уугаад дарагдана гэж байхгүй. Элэгний вирусийн хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь байж байгаад тэр хүнийг элэгний хавдартай, эсвэл хатууралтай болгоно. Тиймээс вирус орсон тохиолдолд идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал. 

-Элэгний өвчлөл аль насныханд элбэг байна вэ?

 -1996 он  хүртэл бид дандаа буцалгасан тариур хэрэглэж байсан. Тэр үеийн халдвар авсан хүмүүс одоо 50, 60 настай болсон.  Дунд болон дундаас дээш насныхан дунд  С вирусийн тархалт их байна гэсэн үг. Энэ насныхан маань одоо элэгний хавдартай ангилалд орчихож байна. 1991 оноос эхлэн В вируст гепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн бүх хүүхдийг  тарьж дархлаажуулж эхэлснээс хойш бага насны хүүхдийн өвчлөл эрс буурсан боловч залуу насны хүн амын дунд уг вирусийн халдвар их байна. Мөн А вируст гепатит халдвар жил бүрийн есөөс арванхоёрдугаар сард дэгдэлт хэлбэрээр гарч 2-15 насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. 2012 оноос эхлэн А вируст гепатитын эсрэг вакциныг нэг нас хоёр сартай болон хоёр настай хүүхдэд товлолын дагуу дархлаажуулдаг болсон нь үр дүнгээ өгч байгаа. Харин С вирусийн вакцин байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. 

-Манай улсын хүн амын дунд хамгийн элбэг байгаа элэгний С вирусийн эсрэг одоо ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Одоо манайд альфа интерферон рибаварин гэсэн эмийн хослол хэрэглэж байгаа. Хэрэв идэвхжилгүй эмчилгээ хийхгүй гам барих ёстой. Хамгийн их гам алддаг зүйл бол архи, даарч хөрөх, ханиад томуу тусах гэх мэтээр дархлаагаа сулруулах явдал. Мөн шарсан хайрсан өөх тостой хоолноос татгалзах хэрэгтэй. Түүнчлэн стресс вирусийг идэвхижүүлдэг гол хүчин зүйл.  

Х.ЦЭНД-АЮУШ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *