Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний С вирусын шинэ эмийг хямдралтай үнээр нийлүүлэхээр ярилцав

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар элэгний C вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компаний төлөөлөгч нар Монголд иржээ. Дэд сайдын АНУ-д хийсэн айлчлалийн хүрээнд хепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж эхэлсэн эм/Sofosbuvir/, эмчилгээг манай улсад хямд үнээр нийлүүлэх давамгай эрх олгосон юм.

Өнөөдрийн уулзалтын үеээр “Sofosbuvir” эмийг хэрхэн Монголд бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдаалахгүй байх талаар хэлэлцэж, эмийн үнийг 44 дахин хямдралтай худалдан авах тухайгаа дахин баталгаажууллаа.

Элэгний С вирүс нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин юм. Тус эмийг манай улсад нэвтрүүлснээр С вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрч ажиллах боломж нээгдэж байгаа юм. “Sofosbuvir” эмийг манай улсад худалдаалагдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 доллар, 3 сарын эмчилгээ нь 900 доллар, 6 сарын эмчилгээ нь 1800 доллар болохоор тооцоолсон бөгөөд тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж. Харин АНУ-ын зах дээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган доллар юм.

Уулзалтын үеэр “Гилеад сайнс” компани нэг нөхцөл тавьсан нь энэхүү эмийн төлбөрийг тусгай программын дагуу Монгол Улсын Засгийн газраас гаргуулах хүсэлтэй байна хэмээлээ. Үүнтэй холбоотой олон асуудлууд урган гарч ирэх бөгөөд үүнийг ЭМЯ  хууль, дүрэм журмийн дагуу нэн даруй шийдэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд дэд сайд “Монгол улсын одоогийн нөхцөл байдлыг харгалзан, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, манай улсад чухал хэрэгцээтэй байгаа элэгний С вирусын “Sofosbuvir” эмийг хямдралтай үнээр олгохоор болсонд талархал илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *