Categories
мэдээ цаг-үе

Элэгдсэн зурагны эзэд хаана явна?

Манай сургууль, манай ангийнхан

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)


1953 он. Нэг сургууль нэг анги

1953 оны зургадугаар сарын 3-ны өдөр авахуулсан зураг надад явна. Энэ зураг бол Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургуулийн багш сурагчдын концертынхон. Голдуу манай ангийнхан. Энэ өдрөөс хойш 66 жил өнгөрч. Эхлээд би сургууль ангийнхнаа танилцуулъя. Эхний эгнээнд сууж байгаа нь (зүүн гараас) Цэдэвсүрэн, Сугир, Нордов, Бат-Очир, Бадан, Лхамсүрэн, Багмид, найм дахь зураг их бүдэг гарч. Жанлав багш юмуу даа. Дунд эгнээнд (зүүн гараас) Мааяа, Даримаа, Батмөнх, Н.Д.Меркулова, Содовдорж, Цээпил, Люба,арын эгнээнд (зүүн гараас) Д.Пунцаг, Жамсран, Маам, Банди, Таяи, Пунцаг нар.

Энэ зураг дээр манай ангийн гурван багш, бусад нь сурагчид. Би багш нараасаа эхлээд товч танилцуулахыг хичээе. Арын эгнээний хамгийн эхэнд зогсож байгаа хүн бол манай 10 дугаар ангийг дааж төгсгөсөн Д.Пунцаг багш. Миний ангийн багш. Хэл уран зохиолын их мэдлэгтэй, орос хэлний орчуулагч. Сүүлд Дархан хотын дунд сургуульд багшилж байгаад таалал төгссөн. Хөгшин нь одоо бий. Бид хоёр үргэлж утсаар ярьж уулзаж байдаг юм.

Дунд эгнээний голд зогсож байгаа орос эмэгтэй бол бид бүхний хайртай багш Нинель Дмитриевна Меркулова. Сайншандын арван жилийнхэн энэ багшийн ач буянаар аравдугаар ангиа орос хэлний овоо дориун мэдлэгтэй төгсөж байлаа.

Манай орос багшид оролцдоггүй зүйл бараг байгаагүй. Багш маань тэр үед гучаад настай байсан юм бол уу даа. Тэднийх дэнжийн хоёр давхар гурван байшингийн хамгийн арын байрны зүүн орцны нэгдүгээр давхарт ганц өрөөнд амьдардаг, нөхөр нь геологийн албаны жолооч, ганц хүүтэйгээ гурвуул амьдардаг байсан. Биднийг гэртээ аваачаад гармон, мандолин, хуучир хөгжимтэй дуулж бүжиглэнэ. Манай багш орос, монгол дууг гайхалтай сайхан дуулна. Бидэнд дуу хөгжим заана.

Багш маань амралтын өдрүүдэд бидэнтэй хамт хөл бөмбөг тоглоно. Сургууль, эцэг эхийн байр хоёрын хооронд тэгшхэн талбайтай. Тэнд, хэдэн чулуугаар хаалга хийчихээд, ёстой үзэж тарна даа. Багш маань нэг багт нь орчихно. Эмэгтэй хүн гэхэд ямар мундаг довтлогч байсан гээ. Бидний бөмбөг ч гэж хөгийн л эд. Би, нагац ахыгаа Эрээнцав руу мал туухад томоохон хаймар бөмбөг л захьдаг байсан. Ах маань “эр хониор авлаа” гээд томоо алаг бөмбөг авчирч өгнө. Бидний “амь”даа. Хагарч урагдахаар нь оёод, сүүлдээ дотор нь даавуу, ноос чихчихээд л өшиглөөд байна. Тиймэрхүү л хөлбөмбөгчид байлаа даа. Багш маань биднийг төгсөхөөс өмнөхөн нутаг буцсан. Вокзал дээр Пунцаг багш хадаг сүү гардуулж, бид уйлалдахыг хэлэх үү, хөгөө хөг.

Би нэг удаа Москвад курст суралцангаа багшийндаа хонон өнжин зочлуулж билээ. Манай аймагт гарсан хүү Слава нь танигдашгүй өндөр залуу болсон байсан. Манай сургуулийнхан тэднийхээр зочилдог юм билээ.

Урд эгнээнд зүүн гараас Г.Жамьян, Лхаажав Арын эгнээнд Я.Шаргайчулуун, 1955 он Цэргийн ерөнхий сургууль

Урд эгнээний эхэнд суугаа Б.Цэдэвсүрэн бол манай ангийн онц сурлагатан. Орост сургууль төгсгөж ирээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч даргаар ажиллаж байсан. Одоо, тэтгэврийн өвгөн.

Урд эгнээний гурав дахь залуу бол, Монголын уул уурхайн нэртэй ажилтнуудын нэг Нордов. Нутгийнхаа алт эрдэнэсийг амь шигээ хайрлан зүтгэж байсан ахмадуудын нэг юм. Урд эгнээний тав дахь хүн нь Бадан. Энэ хүнийг 10 дугаар анги төгсгөөд явснаас хойш би уулзаагүй. Сураг сонсохноо АНУ-д асар их нэр хүндтэй эрдэм судлаач, соён гэгээрүүлэгч байдаг гэсэн. Тухайн үед “Америкийн имперализм” гэж байсан улс руу Бадан маань яагаад явчихсан, яаж ажиллаж байдгийг даанч мэдэхгүй юм даа.

Урд эгнээний зургаа дахь хүн нь манай улсын нэрт геологч, уул уурхайн гавьяат ажилтан доктор профессор Ж.Лхамсүрэн. Дорноговиос төрж гарсан геологи-уул уурхайн цуутай эрдэмтдийн нэг. Саяхан хүртэл Их сургуулийн зөвлөх багшаар ажиллаж байсан.

Урд эгнээний долоо дахь хүн нь Ц.Багмид. Бид хоёр аравдугаар ангийг хамт төгссөн. Манай ангийн хоёр онц сурлагтан Цэдэвсүрэн, Багмид хоёр төгсөнгүүтээ ОХУ-ын Москва хотод дээд сургуульд суралцаж билээ. Ц.Багмид маань төгсөж ирэнгүүтээ Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн дарга болж, улсынхаа анхны нефтийн үйлдвэрийг олон жил удирдсан. Газрын тосны талаар ганц нэвтэрхий толь нь Багмид л гэх юм билээ. Одоо гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа. Энэ газрын тос нэрэх гээд байгаа хүмүүс Ц.Багмидаас маань асууж сурагладаг юм уу, үгүй юу, бүү мэд.

Хоёр дахь эгнээний зүүн гараас эхний хүн нь Мааяа. Бид нэг ангид суралцаж байсан боловч ах Гомбожав багш нь Дорнод аймаг шилжсэн учир Мааяа маань Дорнодын арван жилийг төгссөн. Улаанбаатарт ирж Анагаах ухааны дээд сургууль төгсгөн их эмч болоод Армийн төв эмнэлэгт насаараа хүний эрүүл энхийн төлөө зүтгэсэн буурал эмч бий. Гэр бүлээрээ нийслэлдээ энх тунх амьдарч байна. Бид “помидор” хэмээн шоглодог байсан улаан хацартай охин яг дүрээрээ сууж байгаа.

Дунд эгнээний хоёр дахь хүн нь Даримаа. Бид арван жил нэг ангид суралцсан. Дунд сургуулиа төгсөөд тэр үеийн Анагаах ухааны дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Нийслэлийн эмийн сангуудад ажиллаж байгаад таалал төгссөн. Хүүхдүүд нь Францад амьдарч байгаа.

Дунд эгнээний гурав дахь хүн нь С.Батмөнх. Дорноговийн төвд ганц л дэлгүүр байсан юм. Бид бүх хэрэгцээгээ тэр ганц дэлгүүрээс хангана. Эрхлэгч нь Сэвжид гуай. Батмөнхийн аав. Төв дэлгүүрийн эрхлэгчийн охин С.Батмөнх тухайн үеийн гоёл бүхнээр гангарна. Бас биднийг амттан болгоны дээжээр “дайлна”. Батмөнх маань Сайншанддаа нам төрийн хариуцлагатай алба хашиж байгаад таалал төгссөн.

Орос багшийгаа түрүү биччихсэн. Дунд эгнээний тав дахь хүн нь надтэй хамт 10 дугаар анги төгссөн Содовдорж. УИС-ийн Анагаах ухааны факультет гэж байхад эмч мэргэжлээр төгссөн. Дуулж хуурддаг,их нийтэч сайхан эмэгтэй байж билээ. Даанч, өндөр наслаагүй.

Дунд эгнээний зүүн гэрээс зургаа дахь хүн нь Цээпил. Дандаа инээж явдаг, хөөрхөн охин байж билээ. Төгссөнөөс хойш уулзаагүй.

Дунд эгнээний зүүн гараас долоо дахь хүн нь Люба. Дорноговь аймгийн Өргөн сумын алдарт тэмээчин болсон. Люба-гаа жаахан тодотгоё. Манай сургууль ангийнхны хамгийн царайлаг, ганган охин байлаа. Ёстой л “хаанахын хэний гэрт, туяарсан бэр болж очих бол” гэж ярьцгаадаг байсан сан. Тэгтэл сонин! Эцэг эхийн байрны бор гэрүүдийн дунд манайх байдаг байлаа. Манай үүдэнд арваад алхамын газарт Чимид, Батаа гэж хоёр том хүүтэй айл байдаг байв. Тэр хоёр том хүүхэд намайг айлгана. Гэрээс гарангуут л над руу дайрна. Би зугтаагаад гэрээдээ ордог байсан юм. Тоглодог л байхгүй юу даа. Намайг айгаад байхаар сүрийг үзүүлдэг болохоос зодож цохихгүй л дээ. Тэгсэн чинь Люба маань намайг айлгадаг тэр Чимидтэй суучихсан. Олон хүүхэдтэй өнөр өтгөн сайхан айл Өргөн суманд байлаа даа. Би тэднийхээр зочлох гэж хэд дахин мунгинаад олоогүй юм. Чимид маань хэдэн жилийн өмнө таалал төгссөн гэсэн. Люба маань нутагтаа тэмээгээ маллаад тэнхлүүн сайхан яваа гэсэн. Саяхан аймгийн төв рүү ирсэн гээд Мааяа бид хоёртой утсаар ярьсан. Говь нутгийн алдарт тэмээчнээ бид Улаанбаатарт урьсаар л байгаа.

Арын эгнээний эхний хүн Д.Пунцаг багшийгаа би түрүү танилцуулчихсан. Зүүн гараас хоёр дахь хүн нь Жамсран. Манай аймгаас төрж гарсан суут эрдэмтдийн нэг. Улсын их сургуульд олон жил багшилсан. Эрдэмтэн Жамсрангийн бичсэн ном зохиолууд УИС-ийн оюутнуудын ширээний ном болж байдаг.

Арын эгнээний зүүн гараас гурав дахь хүн нь Маам. Манай байранд Маам, Ухнаа гэж хоёр хүүтэй айл байсан юм. Маам нь багаасаа дуу хууранд авьяастай сэргэлэн хүү байж билээ. Залуугаараа таалал төгссөн. Ухнаа нь гадаадад сургууль төгсгөн том эрдэмтэн, орчуулагч байсан. Манай ангийн Даримаатай гэр бүл болон, өнөр өтгөн сайн сайхан амьдарч байж билээ. Тэр жил Ухнаа маань учир битүүлгээр таалал төгссөн гэдэг юм.

Арын эгнээний зүүн гараас дөрөв дэх хүн нь Банди. Энэ алдарт дуучныг монгол байтугай дэлхий мэднэ. Манай сургуулиас сонгодог дуурийн нэрт төлөөлөгч төрж гарсан нь Банди маань юм. Дуурь бүжгийн эрдмийн театрт олон жил дуулаад Монгол Улсын гавьяат жүжигчин болсон. Гадаад олон орны урлаг соёлын нэр хүндтэй шагналуудыг ч хүртсэн. ОХУ болон олон улсын нэр хүндтэй театруудын тайзнаас Бандийн маань дуу хоолой цуурайтаж байсан цаг үе саяхан даа.

Арын эгнээний зүүн гараас тав дахь нь Таяи. Манай сургуульд хамгийн ганган цэмцгэр залуу нь Таяи байсан. Урлаг соёлын их авьяастай, бид “ирээдүйн соёлын сайд” гэж цаашлуулдаг байж билээ.

Арын эгнээний зүүн гараас зургаа дахь хүн нь Пунцаг. Гайхалтай сайхан дуулдаг, хүүхэд байлаа. Бид Пунцагийгаа ирээдүйн том дуучин, жүжигчнээр төсөөлж боддог байв. Гэтэл Пунцаг маань аравдугаар ангиа төгсгөөд Анагаах ухааны дээд сургуульд орж суралцан, их эмч болоод Өмнөговь аймаг руу хуваарилагдаад явчихсан. Тэнд сайн ажиллаж нэр хүндтэй эмч байсан гэнэлээ. Нэлээд хэдэн жилийн өмнө таалал төгссөн гэсэн. Гэр бүл, хүүхдүүд нь хаана юу хийж явдгийг мэдэхгүй юм даа.

Миний нэг сургууль, нэг ангийнхан маань энэ. Манайхан сургуулиа төгсөөд бараг бүгдээрээ гадаад дотоодын дээд сургуульд хуваарилагдан, алс аяны жолоо өргөж байхад, миний хувь заяа бол арай өөр зүг рүү залсан. Намайг аравдугаар ангиа төгсдөг жил манай сургуульд Цэргийн ерөнхий сургуулийн хоёр хуваарь ирсэн. Я.Шаргай бид хоёрыг цэргийн дунд сургуульд хуваариллаа. Намайг бол “цэргээр хүмүүжүүлэх” гэсэн бодлого байж. Би чинь аравдугаар ангиа дунд дүнтэй, дунд сахилга баттай төгссөн гэрчилгээ гардан авсан хүн дээ. Тоо физикийн талын хичээлд тааруухан байж л дээ. Харин “дунд сахилга баттай” гэсэн гэрчилгээг Монголд би анх удаа авсан юм гэнэлээ. Сургуулийн захиргаа ээжид минь болохоор “хүүг чинь хамгийн сайхан сургуульд хуваарилсан. Гуравхан жил болоод гялалзсан офицер ирж, та нарыгаа тэжээнэ” гэсэн байдаг юм. Цэргийн ерөнхий сургууль намайг “хүмүүжүүлсэн”, мэдлэг чадвар олгосон, миний амьдралын их сургууль гэж бахархаж байдаг юм л даа. Даанч удаагүй, жил болоод л татан буугдчихсан. Тэгээгүй бол хөл минь хазгаргүй, нуруу цэх, шармал мөрдөс зүүчихсэн шажигнуулж явах ч байсан уу, бүү мэд.

Нэг сургууль, нэг ангийн амьд сэрүүн байгаа “хүүхдүүд”, тэдний болон таалал төгсөгчдийн гэр бүл, үр хүүхдүүдэд өнөө муу сахилгагүй Жамьян чинь чин сэтгэлийн мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсч ерөөе.

Утас 91166369, 365856, 99664319

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *