УИХ-ын өчигдрийн чуулганаар Монгол Улсаас гадаад улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэв. Элчин сайд томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулж ирдэг бөгөөд энэ удаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос ард улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрахыг, Бүгд Найрамдах Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг, Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэдэндамбын Батбаярыг, Бүгд Найрамдах Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболдыг, Арабын Бүгд Найрамдах Египет улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулууны Баярмөнхийг, Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батлайн Чулуунхүүг, Бүгд Найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батааг, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрхүлгийн Төгсбилгүүнийг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор З.Баянсэлэнгэ гишүүн “Элчин сайдууд огцорч буй шалтгаан нь юунд байна. Хугацаа нь дуусаагүй байхад солих ямар шалтгаантай билээ” гэсэн асуулт тавьж байв. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар өгч, “Хуулийн дагуу гурван жилийн хугацаатайгаар томилогддог. Хугацаанаас нь өмнө сольж хольж буй зүйл байхгүй. Ажлын туршлага, эхлүүлсэн ажлыг нь дуусгах зэргээс шалтгаалан гурваас илүү жилийн хугацаагаар ажиллуулах практик ч байдаг” гэсэн. Харин Х.Болорчулуун гишүүн Элчин сайд болж буй хүмүүс гачигдал зовлон гарсан нутгийн иргэддээ халуун гараа сунгаж, эцгийн хайраар халамжилж яваарай хэмээн захисан юм.
Э.ЭНХ