УИХ-ын чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас зургаан Элчин сайдыг томилох шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгч дөрвийг нь зөвшилцөхөөр УИХ-д санал оруулсан.
Мөн М.Энхсайханыг яагаад эгүүлэн татав гэж Л.Энх-Амгалан гишүүн лавлахад “Сонгуулиар болон түүний дараа улстөржсөн мэдэгдэл гаргасан гэж Ерөнхийлөгч үзээд эгүүлэн татаж байгаа” гэв.
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг гишүүдийн 87,1 хувийн саналаар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг гишүүдийн 83,6 хувийн саналаар, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90,2 хувийн саналаар, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг гишүүдийн 90,3 хувийн саналаар тус тус томилов.