Categories
мэдээ нийгэм

Элчин сайд З.Чинтүшиг Бахрейны Хаанд Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Бахрейны Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд З.Чинтүшиг Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Хаан Хамад Бин Иса Аль-Халифа Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаанд Хааны ордны асуудал хариуцсан сайд Шейх Халед бин Ахмед Аль-Халифа, Гадаад хэргийн сайд Шейх Халед Бин Ахмед бин Мохаммад Аль-Халифа, Хааны ордны ёслолын дарга Халифа бин Ахмад Аль-Фадала нар байлцаж, Элчин сайдад баяр хүргэв.

Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Элчин сайд З.Чинтүшиг Бахрейны Гадаад хэргийн сайд Шейх Халед Бин Ахмед Аль-Халифа-д 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бараалхаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *