Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтоныг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд ноён Жон Болтонд хандан, уулзаж ярилцах боломж олдсонд талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүсээд, “Монгол Улс АНУ-тай найрсаг, харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. АНУ бол манай улсын гурав дахь хөрш бөгөөд ардчиллыг эрхэмлэгч, чөлөөт зах зээлийг хөгжүүлэгч, энхийг эрхэмлэгч улсын хувьд манай оронд өрнөсөн ардчилсан шинэтгэлийг эхнээс нь тууштай дэмжсээр ирсэнд талархлаа илэрхийлье. Манай хоёр улсын энхийг сахиулагчид Афганистан, Ирак зэрэг улсад мөр зэрэгцэн ажиллаж байгаагаар бид бахархдаг. Хоёр орны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ноён Элчин сайд Та өөрийн хувь нэмрээ оруулж, дэмжиж тусална гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурсан, энэхүү гэрээгээр олгож буй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн гэдгийг тэмдэглэв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтон хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын зэрэг олон салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаа бөгөөд цаашид ч илүү өргөн цар хүрээнд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь харилцааг бэхжүүлэхэд чухал үр нөлөөтэй гэдгийг онцлоод, эдийн засгийн өндөр чадавхтай хоёр том хөрштэй хиллэн оршдог, хөгжил дэвшлийн сайхан ирээдүйтэй танай оронтой энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий хэмээн тэмдэглэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар далайд гарцгүй манай орны хувьд экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд тарифын болон тарифын бус зарим нэг саад брхшээл бий. Манай улс эрдэс баялгийн нөөц, хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Тиймээс хөрөнгө оруулалт болоод техник, технологийн хамтын ажиллагаанд бид ихээхэн анхаарал андуулж байна. АНУ энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэв. Уулзалтын үеэр уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох тээвэрлэлтийн нөхцөл, түүнийг сайжруулах, урсгал чиглэлийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж ярилцав. УИХ-ын дарга Г.Занданшатар бид бүтээгдэхүүнээ экспортод гаргах дэд бүтцийн байгууламжийг сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Хөршүүдтэйгээ тээврийн тарифыг хөнгөвчлөх талаар зарим тохиролцоонд хүрсэн. Төмөр замын шинэ бүтээн байгуулалт өрнөж байна. Бид зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэх биш эдийн засгаа солонгоруулж, экспортын төрөл зүйлийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Ийм боломжтой салбарын нэг бол хөдөө аж ахуй юм хэмээн онцоллоо.
Ноён Жон Болтон бэрхшээл төвөгтэй асуудлуудаа шийдэж, боломжоо ашиглах нь чухал. Манай хоёр улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хамтын ажиллагааны боломжуудыг үр дүнд хүргэх сайхан ирээдүй бий.
Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, уулзалт, яриа хэлэлцээг өргөжүүлэх талаар АНУ-д буцаж очоод санаа тавих болно. Түүнчлэн МҮХАҮТ-тай хамтарч Америкийн бизнесмэнүүдийг, тухайлбал хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийг Монголд урих бодолтой байна гэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Бид БНАСАУ-тай найрсаг харилцаатай байдаг. Тиймээс АНУ-БНАСАУ-ын дараагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой” гээд энэ талаар санаа тавихыг Элчин сайд Жон Болтоноос хүссэнийг анхааран судалж үзэхээ мэдэгдэв. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.