Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичид Итгэмжлэх жуух бичгээ барив.
Ерөнхийлөгч Колинда Грабар Китарович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Хорватын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр талын харилцааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Г.Баттунгалаг Хорватын нийслэл Загреб хотод ажиллах үеэрээ тус улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, Соёлын сайд, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, Хорватын тэтгэлгээр оюутан сургах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцов.