Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Б.Дэлгэрмаа маршал Г.К.Жуковын дурсгалын хорооны даргатай уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Зөвлөлт Холбоот Улсын Маршал Г.К.Жуковын дурсгалын хорооны дарга А.А.Павликовыг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Элчин сайд Б.Дэлгэрмаа “БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын жанжны ур чадвар Халхын голын дайнд анх илэрч, түүний удирдсан бүх тулалдаан ялалтаар төгсдөг гэсэн мэдээ дэлхий нийтэд таран түгсэн” гэдгийг онцлоод 2019 онд Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг санал болгоод ойн арга хэмжээний хүрээнд зохиогдох олон арга хэмжээнд оролцохыг урьсан болно. Г.К.Жуковын дурсгалын хорооны дарга А.А.Павликов Элчин сайдын урилгыг талархан хүлээн авч, 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх Халхын голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох, эл ажлын хүрээнд ЭСЯ-аас зохион байгуулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Тухайлбал, аугаа эх орны дайны угтал болсон Халхын голын дайнд монгол – зөвлөлтийн цэрэг дайчид ялалт байгуулсны 80 жилийн ойн хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр буюу Ялалтын баярыг угтаж тус ЭСЯ-ны байранд Халхын голын дайн болон маршал Г.К.Жуковын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой үзэсгэлэн гаргах, мөн үүний зэрэгцээ жил бүр Ялалтын баярыг угтан зохион байгуулдаг хуучны автомашинуудын авто аяллыг үзэсгэлэнгийн нээлттэй давхцуулан зохион байгуулах, авто аяллын гарааг тус ЭСЯ-аас эхлүүлэх саналыг дэвшүүлэхэд Элчин сайд дэмжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *