Эквадорын Ерөнхий прокурорын газраас газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 525 хүрсэн талаар мэдэгдсэнийг “РИА Новости” мэдээллэв. Газар хөдлөлтийн улмаас хохирогчдын дунд Колумбын 11, Кубын 3, Доминиканы Бүгд найрамдах улсын 1, Их Британи болон Ирландын 1, Канадын 2 иргэн тус тус байгаа аж.
Энэ сарын 16-ны орой Эквадорт 1979 оноос хойш анх удаа 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Албан ёсны мэдээллээр, өнөөдрийн байдлаар 4000 гаруй бэртэж гэмтсэн хүн байгаа аж. Нийт 230 хүн ор сураггүй алга болсон бөгөөд тус улсад учирсан хохирол хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэх нь тодорхой болжээ.