УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дахин хэлэлцлээ.
Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, аймаг бүрт уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинат байгуулах ажлыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг дурьдсан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу энэ сарын 22-нд төсөвт тавьсан хоригтоо тодотгол болгож УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ Уг албан бичигт хориг тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтойг дурьдсан байна. Ингэхдээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг төсөвт тусгах шаардлагатайг онцолжээ. Тиймээс Ерөнхийлөгчөөс ирүүлсэн тодотголыг Төсвийн байнгын хороо дахин хэлэлцэж буй юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн Экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг дэмжих, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 500 тэрбум төгрөгийг 2018, 2019 оны төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.