АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийсэн Сангийн сайд Б.Болор Дэлхийн банкны бүлгийн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлагатай уулзаж, тус корпорацийн зүгээс Монголд хийсэн хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, цаашид хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал, мэдээлэл солилцлоо.
Олон улсын санхүүгийн корпораци нь “Оюу Толгой” төслөөр дамжуулан Монголд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Олон улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналттай байгаа энэ цаг үед томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын хэлцэл байгуулж чадсан нь аль аль талаас төслийг хэрэгжүүлэх тал дээр тууштай байр суурь дээр тогтож чадсан, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан онцлогтой алхам болсон талаар талууд санал нэгдсэн юм.
“Оюу Толгой” төслийг хэрэгжүүлэгч болон хөрөнгө оруулагчийн зүгээс цаашид зөвхөн уурхайн олборлох үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй уул уурхайг тойрсон нийлүүлэлтийн сүлжээний төсөл, салбарласан аж ахуй, үйл ажиллагаа, тэр дундаа бичил болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжин орон нутгийн бизнесүүдээс үйлчилгээ авах сонирхолтой байгаа талаар дурдаж, мөн Олон улсын санхүүгийн корпораци Монгол Улсад экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах сонирхолтой байгаа бөгөөд ойрын хугацаанд синдикат санхүүжилт буюу бусад хөрөнгө оруулагчдыг нэгтгэн татан оролцуулах байдлаар томоохон хэмжээний эх үүсвэр босгох тал дээр ажил хэрэг болгон идэвхийлэн ажиллаж байгаа тухай цохон тэмдэглэж, хоёр тал эдгээр чиглэлд шуурхайлан нягт хамтран ажиллахаар тогтсон байна.