Гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний 9 сарын байдлаар 15,276.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,744.7 сая ам.доллар буюу 32.5 хувиар нэмэгдэв.
Экспорт импортоос давамгайлж 2,563.2 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байгааг УУХҮЯ мэдээллээ.
Нийт экспорт энэ оны эхний 9 сарын байдлаар 8,919.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,514.9 сая ам.доллар буюу 39.3 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 8,407.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2,493.3 сая ам.доллар буюу 42.2 хувиар өссөн аж. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.3 хувийг эзэлжээ.