ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, “Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл” ТББ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэлэхдээ, “Манай 2 байгууллага иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ингэж иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг төлөвшүүлэхэд байгаль орчны эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн оролцоо тун чухал.
Бид байгаль орчинг сүйтгэж, ан амьтан хулгайгаар агнаж буй хууль бус үйлдэлтэй тэмцэж, зөрчлийг илрүүлэхээс гадна иргэд байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдэн ажиллах нь ирээдүйн төлөө хийж буй үйл ажиллагаа юм” гэдгийг онцлов.
МБОИЗ-ийн тэргүүн, БОАЖ-ын сайдын зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэ, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нь иргэн бүрийн журам үүрэг юм. Энэ үүргийг биелүүлэх, хариуцлагыг нийгмийн хүрээнд бүх шатанд бий болгох талаар Байгаль орчны хууль, цагдаагийн байгууллага болон ТББ-ын тухай хуульд заасан. Энэ хэрэгжилтийг хангах үүднээс мэргэжлийн, тэр дундаа төр, иргэний нийгмийн 2 байгууллага түншлэн ажиллахаар боллоо” гэв.
Эрдэмтэн судлаачдын оролцоотой цагдаагийн ажилтнуудыг сургаж дадлагжуулан, байгаль орчны хохирлыг тооцон хянах, нөхөн сэргээх, хамгаалах тал дээр арга зүйгээр ханган ажиллах юм.
Дээрх 2 байгууллага эрдэмтэн судлаачдын оролцоотой цагдаагийн ажилтнуудыг сургаж дадлагжуулан, байгаль орчны хохирлыг тооцон хянах, нөхөн сэргээх, хамгаалах тал дээр арга зүйгээр хангах юм. МБОИЗ-ийн дэргэдэх Шим мандлийн буюу ус, хөрс, агаар хариуцсан эрдэмтдийн зөвлөл, ажлын албаны судлаач, шинжээч, мэргэжилтнүүд ийнхүү цагдаагийн байгууллагатай хамтран байгаль орчны төлөө ажиллахаар боллоо.