Categories
мэдээ цаг-үе

“Эко-алтан Заамар” компани хиймэл нуураа карьертайгаа залгаа байгуулснаас нуралт үүсч, дөрвөн хүн амиа алджээ (II)

Түрүүч нь №045(6146) дугаарт

-“ДӨРВӨН ХҮҮХЭД НЬ ААВЫГАА ОРООД ИРЭХ БОЛОВ УУ ГЭЭД БҮЛТИЙТЭЛ ХАРААД СУУЖ БАЙНА” ГЭВ-

Ослын газарт ОБЕГ-ын аврагчид ажиллаж байгаа нь 2019 оны 03.04

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд осол гарч, дөрвөн хүн харамсалтайгаар амь насаа алдаад байгаа. Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын аврах ангийнхан ажиллаж байна. Осол гарснаас хойш дөрөв хоногийн байдлаар шороонд дарагдаж амь насаа алдсан дөрвөн хүний хоёрынх нь цогцосыг гаргасан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Онцгой байдлын аврагчдын гаргаж ирсэн хоёр цогцос насосчид байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Тэгвэл эксковатор, бульдозерын жолооч нарыг гаргахаар ажиллаж байна. Тэднийг осол гарах үед техникээсээ гарч ирж амжаагүй. Тиймээс техникийн бүхээгт байгаа гэх урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар Онцгой байдлынхан “Ослын газрын тодорхой хэсэгт шороон далан босгож, хаалт хийсэн. Хаалт хийсэн газрын усыг шавхаж багасгасан. Одоо хүний бүсэлхийгээр татсан ус байгаа. Мөн хоёр метр гаруй гүнзгий лаг шавар тогтсон байна. Шороонд дарагдсан эксковатор, бульдозер шороонд дарагдсан, ил харагдахгүй байгаа юм. Тус газарт хүнд даацын техник хүрч, үйл ажиллагаа явуулах боломжгүй. Иймд карьерийн хана дагуулж шороон зам тавих ажил хийж эхэллээ” гэсэн юм. Гэхдээ шороон хаалт бүхий зам тавьж байгаа газрын хана бүхэлдээ их хэмжээний мөсөн бүрхүүлтэй байгаа гэнэ. Хананд нь бага зэргийн доргилт үүслээ гэхэд мөс нураад ороод ирэх эрсдэлтэй аж. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын аврагчид амь насаа алдаж мэдэх нөхцөл байдалд аврах ажиллагаа явуулж байна. Дахин шороон нуралт үүсч, хананд барьцалдаж хөлдсөн мөс нурчихгүй бол өнөөдөр хоёр хүнийг гаргаж авах магадлалтай байгаа гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр мэдэгдсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан

Д.ЭНХСАЙХАН: ХИЙМЭЛ НУУРЫН УС ГАЗРЫН ХӨРСӨНД ӨӨРЧЛӨЛТ ӨГЧ, ШОРОО НУРАХЭРСДЭЛ БИЙ БОЛГОСОН

Осол юунаас болж гарах болов. Ямар хүчин зүйлээс шалтгаалж их хэмжээний шороо нурах болсон бэ гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан тогтоохоор ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтынхан болон “Эко-Алтан Заамар” компанийнхан ослын талаар хоёр өөр мэдээллийг бидэнд өгсөн юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан “Ослын шалтгаан нөхцөл байдлын урьдчилсан дүгнэлт гараад байгаа. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. “Эко-Алтан Заамар” компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уурхайг тойроод зургаан хйимэл нуур бий болгосон байгаа. Тэрхүү нууруудын гурав нь устай байсан. Хоёр нуурын хувьд 60 орчим мянган метр куб устай байгаа. Харин нэг нуур нь зургаан мянга гаруй метр куб устай байсан. Бидний таамаглаж байгаагаар карьертайгаа ойрхон газарт усан сан байгуулсан. Хиймэл нуурын ус газрын хөрсөнд өөрчлөлт өгч, шороо нурах эрсдэл бий болгосон гэж үзэж байгаа. Гэхдээ нарийвчилсан, эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. нуралт үүссэн шорооны дээжийг Улаанбаатар хот руу явуулсан. Удахгүй хариу нь гарах байх. 11 метрийн зузаантай 48 мянган метр куб шороонд гулсалт үүссэн гэж үзэж байна. “Эко-Алтан Заамар” компанийн хувьд дөрвөн лицензийн талбайтай. Заамар сум болон Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт хоёр лиценз байгаа. Осол гарсан Баянголын аманд хоёр байгаа. Өмнө нь Бүрэгхангай суманд байх уурхай байгаль орчны үнэлгээ дутуу хийсэн байна гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож байсан. Харамсалтайгаар амь насаа алдсан дөрвөн хүний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ар гэрийнхэнд нь нөхөн олговор олгох тооцоолбор гаргасан. Талийгаачдын хоёрт нь ажилласан жил, цалингаас нь шалтгаалж зуун хувь нөхөн олговор олгох юм билээ. Харин үлдсэн хоёр хүний ар гэрийнхний нэг нь 75, нөгөөх нь 50 хувийн нөхөн олговор авахаар байсан. нийгмийн даатгалын сангаас ч тодорхой хэмжээний мөнгө олгогдох байх” гэх мэдээллийг өгсөн юм.

НУУРЫН ТОГТСОН УСНААС БИШ, ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС БОЛЖ ШОРООН НУРАЛТ ҮҮССЭН БАЙХГЭВ

Тэгвэл “Эко алтан заамар” ХХК-ийн захирал Н.Эрдэнэжаргал “2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр 16:00-17:00 цагийн орчимд манай уурхайд карьерын хана нурж гэнэтийн осол болсон. Карьерт нуралт үүсэх үед хоёр эксковатор, нэг бульдозер, гурван техникгүй ажилтан ингээд нийтдээ зургаан хүн байсан. Үүнээс нэг эксковаторын операторчин, техникгүй ажиллаж байсан нэг ажилтнаа эсэн мэнд гаргаж авсан. Хоёр операторчин барьж байсан техниктэйгээ, насос дээр ажиллаж байсан хоёр иргэний хамт байршил нь тодорхойгүй болж, нурангид дарагдсан. ОБЕГ, МХЕГ-аас холбогдох албаны хүмүүс ирж, аврах ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор хоёр хүнийг эрэн хайж байгаа. Компанийн зүгээс осол гарсантай холбоотойгоор Онцгой байдлын аврагчдыг энд авчрах нисэх онгоцноос эхлээд техник тоног төхөөрөмж зэргээр хангаж ажиллаж байсан. Ослын талаар олон хүн асууж байгаа. Уурхайн карьерийг тойрсон хиймэл усан сан байгаа нь үнэн. Гэхдээ шороон нуралт усан сангийн уснаас болсон гэж манай компанийн зүгээс үзэхгүй байгаа. Хэрэв усан сангийн ус газрын хөрсний нягтаршилд гулсалт үүсгэж шороо нурсан бол өөр байдал илрэх ёстой. нуурын тогтсон ус, шороо нурсан газраар нэвт олгойдох ёстой. Өөрөөр хэлбэл, нуурын ус гоожсоор байгаа усны түвшин доошоо суух ёстой. Гэтэл усан сангийн усны түвшин дөрөв хоногийн турш яг хэвэндээ байгаа. Мөн нуурын ус булингартай шаргал өнгөтэй, хөрсний ус тунгалаг байгаа. Одоо шүүрч, гоожиж байгаа ус тунгалаг байна лээ. Өөр нэг шалтгаан нь энэ хавийн уурхайн хөрсний усны түвшин нэг ижил байдаг. Та бүхэн анзаарвал карьерийн нэг түвшин газарт тойрог бүслүүр хэлбэрээр ус шүүрч, зарим газраа хөлдсөн байгаа. Бид усан сангаа цаанаасаа батлагдсан техник эдийн засгийн үнэлгээний дагуу байршуулсан.Одон орон, геофизикийн хүрээлэнгээс манай компанийн энэ хавьд 4.0 баллын газарт хөдлөлт болсон гэж мэдэгдсэн. Бид өөрсдөө буруугүй болж үлдэх гээд үндэслэлгүй худал зүйл яриагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Манай компани ямар нэгэн хууль зөрчсөн тохиолдол байхгүй гэж үзэж байна. Гэхдээ хамгийн гол нь дөрвөн хүний амь нас хохирсон асуудал байгаа. Аврах, эрэн хайх ажиллагаа дуустал бид үүнээс өөр мэдээлэл хиймээргүй байна” гэв.

Бульдозерчин М.Ганхуягийн төрсөн ах М.Галхүү

М.ГАЛХҮҮ: ДҮҮГЭЭ АМЬД ГАРААД ИРЭХ ЮМ ШИГ Л ХҮЛЭЭЖ БАЙНА

Талийгаачдын ар гэрийн 60 гаруй хүн “Эко-Алтан Заамар” компанийн уурхайд ирцгээсэн юм. Ар гэрийнхнийг хэвлэлийнхэнтэй уулзуулахгүй байх бүх арга, ажлыг хийж байлаа. Харин бид ослын үед бульдозер жолоодож байгаад шороонд дарагдсан 53 настай, Орхон аймгийн харьяат н.Ганхуягийн төрсөн ах М.Галхүүтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танай ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Ослын талаар та хэзээ мэдсэн бэ?

-Гуравдугаар сарын 1-нд мэдсэн. Миний хоёр дүү “Эко-Алтан Заамар” компанийн уурхайд бульдозерын жолооч хийдэг байсан. Одоо шороонд дарагдчихаад байгаа дүү минь миний яг дараа төрсөн юм. Бидэнд ослын талаар ямар ч мэдээлэл алга байна. Дүүгээ эсэн мэнд гараад ирээсэй гэж маш их хүсч байна. Харамсалтай нь тэр ослоос ямар ч хүн амьд гарах боломжгүй байсан гэдгийг хамт ажиллаж байсан дүү минь хэлсэн. Үнэхээр их харамсаж байна. “Эко-Алтан Заамар” компанид маш их гомдож байна. Эрүүл саруул байсан дүү минь маш харамсалтайгаар амь насаа алдчихлаа шүү дээ.

-Талийгаач хэдэн хүүхэдтэй байсан бэ?

-Миний дүү дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага хүүхэд нь ердөө хоёр сартай улаан нялзрай амьтан байна. Эхнэр нь нялх биетэй байгаа. Осол болсон гэдэг мэдээг дуулаад сэтгэл санааны маш хүнд цочирдолд орчихсон байгаа. нялх хүүхэдтэй болохоор энд авчирч зүрхэлсэнгүй. Бага хүүхдээ төрөхөд дүү минь ямар их баярлаж байсан гэж санана. Осолд орохынхоо урьд шөнө миний дүү эмэгтэй дүүтэйгээ шөнөжин утсаар ярьсан байна лээ. Яагаад ч юм хүүхэд байхын хөгжилтэй дурсамжаас эхлээд амьдралынхаа талаар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа гээд олон зүйл ярьсан гэсэн. Амьдралын төлөө нойр хоолгүй зүтгэж байсан дүү минь осолдчихлоо шүү дээ. Эхнэр, хүүхдээ үнсээд л “Аав нь ажлаасаа ирэхдээ гоё амттай зөндөө юм авчирна” гэж хүүхдүүддээ хэлчихээд л гэрээсээ инээгээд гарсан гэсэн. Дөрвөн хүүхэд нь аавыгаа ороод ирэх болов уу гээд бүлтийтэл хараад сууж байна. Энэ дөрвөн хүүхэд аавгүй өнчирч үлдлээ. Тэдний ирээдүй сайн сайхан байна гэсэн баталгаагүй болчихлоо. Компанийн зүгээс ямар тусламж үзүүлэх нь удахгүй тодорхой болох байх. Хууль хяналтын байгууллага энэ хэргийн үнэн зөвийг олох байх гэдэгт итгэж найдаж байна. Дүүгээ амьд гараад ирэх юм шиг л хүлээж байна. Онцгой байдлынхан хүнд нөхцөлд ажиллаж байгааг нүдээр үзсэн гэв.

Талийгаач залуус бүгд гэр бүлтэй. 0-2 насны хүүхдүүдтэй байсан гэдгийг эх сурвалжууд бидэнд хэлж байлаа. Өчигдөр 22:00 цагийн байдлаар аврах багийнхан үлдсэн хоёр хүнийг гаргаж чадаагүй, эрлийг маргааш үргэлжлүүлэхээр болсноо холбогдох албаныханд мэдээлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

“Эко-алтан Заамар” компани хиймэл нуураа карьертайгаа залгаа байгуулснаас нуралт үүсч, дөрвөн хүн амиа алджээ

-ХОЁР АЖИЛТНЫ ЦОГЦОСЫГ ОСЛЫН ГАЗРААС ГАРГАВ-

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд хоёрдугаар сарын 28ны 16:20 цагийн орчимд уурхайн карьерийн хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон техник, тоног төхөөрөмж дарагдсан. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, тэднээс гадна дөрвөн ажилтан шороонд дарагдсан билээ.

Тодруулбал, ОБЕГын шуурхай удирдлагын төвд ““ЭкоАлтан Заамар” ХХКийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайн зүүн хэсэгт нуралт болж зургаан хүн, “КАТ-374” загварын эксковатор, “КАТD8Т” загварын бульдозер дарагдаад байна” гэх дуудлагыг осол болсон даруйд буюу 16:20 цагт хүргүүлсэн байдаг. Ингээд Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГын ГШУГын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми171Е” загварын нисдэг тэргээр очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай эхлүүлсэн байна. Мөн нэмэлт хүчээр Орхон, Булган аймгийн Онцгой байдлын алба хаагчид ирээд байгаа. Одоогийн байдлаар “ЭкоАлтан Заамар” компанийн осол болсон талбайд 100 гаруй хүнтэй бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Мөн тус газарт Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Прокурорын байгууллагын алба хаагчид болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан ажиллаж байна.

Манай сонины сурвалжлах баг Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд очиж ослын учир шалтгааны талаар болон шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа хэрхэн хийгдэж байгаа талаар сурвалжлага бэлтгэлээ.

Гуравдугаар сарын 1-ний үдээс хойш нийслэл хотоос Заамар сумын нутагт байрлах “Эко-алтан заамар” компанийн уурхай руу хөдөлсөн юм. Ухсан нүх, овоолсон шороо, энхэл донхолтой замаар явсаар Баянголын аманд очлоо. замд усны насос ачсан машинууд осол гарсан уурхайг чиглэн ар араасаа цувран явж байв. Мөн шороон нурангид дарагдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэн бололтой хүмүүс явж байгаа харагдлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эко-алтан заамар” компанийн үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс компанийн ажилтнууд бидэнтэй зөрөн заамар сум, Хайлааст баг руу хэд хэдээрээ цувран явж байлаа. Баянголын амны жалга даган ус хоржигнон урсах ажээ. Онцгой байдлынхан ослын газарт байгаа зайрмагтсан их усыг шавхаж байгаа бололтой. Уурхайн гүнээс ундарсан ус шавхаж байгаа болоод ч тэр үү тусгайлан сайжруулан зассан зам тэр чигтээ шавхай шалбааг болжээ. Ийнхүү явсаар “Эко-Алтан Заамар” компанийн 65 дугаар хяналтын пост дээр ирэв. Харуул хамгаалалтын ажилтан бололтой өндөр биетэй залуу хүрч ирэн “Дотогш хүн оруулж болохгүй. Прокурорын байгууллага хэргийн газрыг хамгаалалтад авсан. Та бүхэн энд байгаад ямар ч нэмэргүй. одоо эндээсээ буцсан нь дээр” гээд л баахан дүрэмдэх нь сүртэй сонсогдож байв. ослын газарт орж сурвалжлага бэлтгэх боломжгүй учир сэтгүүлчид уурхайн үүдэнд оБЕг, Мэргэжлийн хяналтынхныг ослын талаар цаг үеийн мэдээлэл өгч магадгүй хэмээн олон цаг хүлээн зогссон юм.

ХОЁР НАСОСЧИН ХАР ХУРДААРАА ГҮЙЖ ЯВААД Л ШОРООНД ДАРАГДЧИХСАН

“Эко-алтан заамар” компанийнхнаас ослын талаар тодорхой мэдээлэл өгөх саналыг удаа дараа тавьсан боловч “Прокурорын байгууллага хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгч болохгүй гэсэн” гэх хариулт өгч байв. Харин компанийн ажилтнууд ослын талаар бидэнд мэдээлэл өгсөн юм. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан “Манай компани 500 гаруй ажилтантай. Өнгөрсөн өдрүүдэд 300 гаруй хүн ажиллаж байсан юм. осол болох үед миний бие уурхайн амсар дээр байсан. Манай компанийн уурхайн талбайд алт олборлодог орд газрыг 80 гаруй метр доош ухсан талбай байдаг. Өргөн нь зуу гаруй метр урт. Бүдүүлгээр хэлэх юм бол алт байгаа хэсэгт хүрэхийн тулд техникийн хүчээр газрыг ухдаг. Ухсан том нүхний эргэн тойронд зургаан ч том усан сан буюу далан бий болгосон. Уурхайн талбай маш их устай. Газрын гүний ус, хөрсний ус тэр чигтээ оргилж байдаг газар. Уснаас болж ажил хийхэд хүндрэлтэй асуудал байнга үүсдэг. Хэрэг болох үед уурхайн гүнд есөн хүн ажиллаж байсан. Өглөө ээлжинд гарсан хүмүүс ажиллаж байсан юм. Хоёр операторчин буюу эксковатор, бульдозерын жолооч нар газар шорооны ажил хийж байсан. тэднээс холгүйхэн мөн операторчин техникгүй ажиллаж байлаа. Усны насос дээр хоёр хүн ажиллаж байгаа харагдсан. Гэтэл гэнэтхэн л далангийн шороо эхнээсээ нурж эхэлсэн. Хад чулуутай хэсэг их хэмжээний шороотой хамт пүрхийгээд л явчихсан. Дөнгөж шороо нураад эхлэх үеэр амьд гарсан хоёр хүн үсрээд л хамаг хурдаараа шороо нурж байгаа хэсгийн эсрэг зүг рүү гүйж байгаа харагдсан. Насосчин хоёр залуу мөн л хоёр тийшээ гүйсэн. Тэд багцаагаар 20 хүрэхгүй метр газарт гүйж байхад нуранги шороо дарчихсан. Ямар ч байсан 80 метрийн өндрөөс их хэмжээний шороо маш хүчтэй нурж, тэр хавиар их хэмжээний ус цацарсан. Харин эксковатор, бульдозерын жолооч нар техникнээсээ ч бууж чадаагүй. Техник нь асаалттай, чөлөө завгүй ажлаа хийж байсан болохоор нуралт болж байгааг хараагүй, сонсоогүй байх. 70 тонн жинтэй бульдозер нуралтын шороонд цохигдоод хажуу тийшээ унаж байгаа харагдсан. Шороо тоос бужигнаад л явчихсан. Ингээд л энүүгээр бөөн бужигнаан болсон доо. Осол болсон уурхайн талбай дундуур нь хүнд даацын техник явах боломжтой зам засчихсан. Зассан зам тойроод арав гаруй метрийн гүн, бүхэлдээ мөстсөн устай байсан. Компанийн ажилтнуудын хувьд тэр их усыг насосоор соруулж, хоолойгоор дамжуулан шавхаад тусгайлан бэлтгэсэн усан сан буюу хиймэл нуур руу цутгадаг байсан. Ус шавхагдахаар газар шорооны ажил хийгддэг байлаа. Өөрөөр хэлбэл, тэндээс алттай шороо олборлодог юм. Хана хэсгийн шороо нурснаас үүдэж ил уурхайн гүн тэр чигтээ усанд автчихсан. Техник явдаг сайжруулсан зам ч харагдахгүй болтлоо усаар дүүрчихсэн. Шороо нурсан газрын хананаас маш их даралттай ус олгойдсон. Дөрвөн хүний дээрээс эхлээд шороо хад, чулуу нурсан. Түүний дараа ослын газар болох тэр хавийн талбай бүхэлдээ усаар дүүрчихсэн гэсэн үг. Ийм ослоос хүн амьд гарч ирэх ямар ч боломж байхгүй. Онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан ослын шалтгааныг анх хараад л “Усан сангаа буруу байршуулсан байна. 80 метр ухсан хананы цаахна арав хүрэхгүй метр газарт усан сан бий болгож газар ухчихсан. Үүнээс карьерь хиймэл нуур хоёрын дундах шороог ус доогуураа “идэж” явсаар гулсалт үүсч нуралт болсон байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, манай компанийн буруутай үйлдлээс болж хана бүхий шороо нурсан гэх дүгнэлтийг хэлж байна лээ. Бүр 25 мянган метр куб шороо нурсан байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. тэгэхээр ямар их хэмжээний шороо нурсан бэ гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Компанийн удирдлагуудын зүгээс нийт ажилтнуудад “ослын талаар хэнд ч мэдээлэл өгч болохгүй. Юу ч мэдэхгүй байна” гээрэй гэж хэлсэн. Тиймээс олны өмнө нэрээ гаргаж ярилцлага өгч болохгүй байна. Ослоос амьд гарсан хоёр хүний хувьд нэг нь нуралт үүсч байгаа газрын чигтээ шороон хана руу гүйчихсэн. Гүйж явахдаа шаварт зоогдчихсон. Бага хэмжээний шороонд дарагдсан. Ингээд азаар амьд үлдэж чадсан юм байна лээ” гэв. Мөн “Эко-Алтан Замаар” компанийн ажилтнууд “Биднийг маш хүнд нөхцөлд ажиллуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ямар ч ойлголт байхгүй. Өмнө нь жижиг хэмжээний шороон нуралт хэд хэдэн удаа болж байсан. Гэвч компанийн удирдлагууд тас нуусан. Хөөрхий жирийн ажилтан буруу ажилласан гээд ажлаасаа халагдаж байсан. Манай компанийн ихэнх ажилтан усанд ажиллаж байгаа. Үүнээс болоод бүгд нуруу бөөрний өвчтэй болчихсон. олон ажилтан хавагнаж, өндөр хэмтэй халуурч байна шүү дээ” гэх мэдээллийг өгч байлаа.

УУРХАЙН КАРЬЕРИЙН ДЭЭД ТАЛД АРАВ ХҮРЭХГҮЙ МЕТР ГАЗАРТ ХИЙМЭЛ НУУР БАЙГУУЛСНААС ҮҮДЭЖ, ДАЛАНГИЙН ШОРОО НУРСАН БОЛОЛТОЙ

Биднийг компанийн ажилтнуудтай уулзчихаад компанийн уурхайн үүдэн дээр зогсож байтал Онгцой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр гарч ирж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Ослын газраас дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагаа тасралтгүй хийгдэж байна. Аврах ажиллагаа явуулахад нөхцөл байдал маш хүнд байна. Бид эхний ээлжинд ослын газарт 3-4 метр гүн усыг соруулах ажлыг эхлүүлсэн. Осол болсон газрыг харахад нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус урсаж байна. Ус шүүрэх биш гоожоод лаг шавартай хутгалджээ. Эндээс харахад усан сангаас ус урсаж, тухайн нуралт үүссэн хананд нэвчилт өгөөд доод хэсгээрээ сулралт үүссэн гэж урьдчилсан байдлаар таамаглалаа. одоо бидний хамгийн чухал хийх ажил бол дөрвөн хүний цогцсыг яаралтай гаргаж авах л үлдээд байна” гэсэн юм.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан “Мэргэжлийн хяналтын алба хаагчид ослын нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа. гэхдээ бид эхлээд тэр доор байгаа дөрвөн хүнээ гаргах ёстой. Дараагийн ажил бол осол ямар шалтгаанаас үүдсэн бэ гэдгийг тодруулна. Одоогийн байдлаар маршрутын хэмжилтийг хэрхэн зөв хийсэн, энэ улиралд ажиллах нь зөв байсан эсэх, ямар зөвшөөрөл дутуу байсан, хүчин чадлаараа ажиллах боломж нь хэр байсан бэ гэдгийг нарийн судална. Ер нь маш олон хүчин зүйлээс осол шалтгаалдаг.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Уурхайн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа. одоо энд байгаа уурхайн карьер аюултай нөхцөл байдалтай байна. тиймээс уурхайн карьерыг аюулгүй болготол үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргасан. “Эко-алтан заамар” компанийн ил уурхайд байгаа хэд хэдэн хиймэл нуурыг хааш нь урсгах вэ гэдэг асуудал яригдана. одоогоор онцгой байдлын аврагч нар анх ажиллаж байсан арга барилаа өөрчилж байгаа. Уурхайн гүнд байгаа усыг бүрэн соруулж дуусгах боломжгүй байгаагаас үүдэлтэйгээр хэсэгчилж хаалт хийсэн. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн байгаа газрын байршлыг урьдчилсан таамгаар тогтоосон. ингээд хэсэгчилж шороон хаалт хийсэн байгаа. Үүний үр дүнд техникүүдийн байршил тодорхой болсон. Ус шавар холилдсон болохоор татаж гаргаж ирэх боломж тун тааруу байна. Уурхай дулааны улиралд ажилласан бол осол гарах байсан уу, үгүй юу гэдгийг бодох ёстой. Мэргэжлийн хяналтын байцаагчдын хяналт шалгалт давхар хийгдэж байна. нуралт үүссэн карьерын дээд талд нь арван метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн байгаа юм. Хиймэл нуурын ус хана руугаа нэвчиж нуралт үүсгэсэн байх гэсэн таамаглал байгаа. “Эко-алтан заамар” компани нуурыг карьерын дээд талд байгуулсан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байгаа” гэв.

ХОЁР ХӨЛ НЬ ШАВАРТ ШИГДЭЖ, АМИА АЛДСАН ЦОГЦОСЫГ УСАН ДОТРООС ГАРГАЖ ИРЭВ

Улаанбаатар хотоос ус соруулах насос авчирч, ус соруулах шланкыг хооронд нь наах зэрэг ажил хийгдэхээс гадна зуун метрийн өргөнтэй газрын гүнд байгаа хэсэгт талийгаач нарын байж болох байршил координатыг тогтоож, Онцгой байдлын ерөнхий газрын аврах, эрэн хайх ажиллагааны шумбагч нар 7-15 см зузаантай мөсийг цөмлөж, дөрвөн ажилтан байж болзошгүй газар руу шумбаж байсан юм. Эхний ээлжинд эксковатор, бульдозер байгаа газрыг шумбагч нар илрүүлжээ. тэдний хэлж байгаагаар хоёр техник хажуу талаараа уначихсан байсан гэнэ. тиймээс уурхайн техникийг ашиглан бульдозерийг троссоор оосорлож татсан байна. Шаварт шигдэж, шороонд даруулсан, дээрээс нь мөстэй барьцалдсан техникийг татахад хүндрэл үүсч татлагын тросс нь тасарчээ. Шумбагч нар мөстсөн усан доогуур шумбалт хийж байгаа боловч ус булингартсан шавар ихтэй байгаагаас үзэгдэх орчин юу ч харагдахгүй байгаа гэнэ.Мөн шумбагчдын хувцас мөсний шовх ирмэгт зүсэгдсэн тохиолдол ч гарсан байна. Онцгой байдлынхан ус шавхах ажиллагааг эрчимтэй хийсний үр дүнд усны түвшин багасч ус 1.5 метр доош суугаад байгаа гэдгийг энэ сарын 2-нд буюу бямба гаригийн орой мэдэгдэж байсан. тэгвэл шумбагчид тухайн өдрийн 19:04 цагийн үед дөрвөн ажилтны нэгнийх нь цогцосыг гарган авсан юм. арав гаруй метрийн гүн усанд найман удаа шумбалт хийсний эцэст цогцос байгаа газрыг олж илрүүлсэн гэнэ. Эхний олдсон талийгаачийн цогцосны хоёр хөл нь шаварт зоогдсон, цээжин хэсэгт нь шороонд дарагдаагүй, усан дотор байсан аж. Хэргийн газарт ажиллаж байгаа алба хаагчид шорооноос зугтаад карьерийн хана хүртэл гүйх үед хоёр хөл нь шаварт шигдсэн бололтой. 80 метрийн өндрөөс хүчтэй унасан шороо гүнзгий усан дээр буух үед талийгаач усанд цохигдож, амь насаа алдсан хэмээн үзээд байгаа ажээ. Харин өчигдөр 13:30 цагт нэг иргэний цогцосыг гаргаж авсан юм. онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын хэлж буйгаар эхний гаргаж ирсэн хоёр цогцос тус компанийн хоёр насосчин байх магадлалтай. тиймээс үлдсэн хоёр нь эксковатор, бульдозерт байгаа байх хэмээн таамаглаж байлаа. Талийгаачдын цогцосыг таниулах ажиллагаа хийгдэж байна.Мөн ослын газарт хаалт хийсэн хэсгийн усыг насосоор соруулсаар байгаа гэдгийг Онцгой байдлынхан мэдэгдлээ. гадаа харанхуй болсон учир эрлийн ажиллагааг зогсоож, маргааш эртлэн үргэлжлүүлэхээр болов.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *