Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эхлээд эрх баригчид галаа зогсоохгүй бол энэ ард түмэн чинь алалдаад дуусах нь ээ DNN.mn

УИХ-ын сонгууль ид бужигнаантай цаг үе дээрээ явж байна. Яг арав хоногийн дараа бүгдээрээ сонгуулиа өгнө. Тэр болтол их ч юм дуулдах бололтой. Энэ удаагийн сонгууль анхнаасаа л нийгмийн сэтгэл зүй рүү чиглэсэн айхавтар хар пиараар эхэлсэн. Тэр нь ч нийгэмд үр дүнгээ өгсөн юм шиг байна. Эдгээр өдрүүдэд өрнөж буй сонгуулийн кампанит ажлууд нийгмийн хандлагаас мэдрэгдээд эхэллээ. Шоронгийн хулгайчууд хаваржин л айл болгоны хойморт залраагүй юу. Тэд Монгол Улсын баатрууд мэт телевиз болгоноор ярьцгаасан. Сүүлдээ бүр 40, 50 тэрбум төгрөгөөр шагнуулахаар болцгоож ч байх шиг. Ийм үзэгдэл нийгэмд ямар ойлголт өгөв. “Даргын дайсныг дарвал баатар болдог юм байна” гэж бодоход хүргэжээ.

Үүний тод жишээ бол сая Өвөрхангай аймагт гарсан хүн амины хэрэг. Тус аймгийн Сант сумын Засаг даргыг эрх баригч намын ухуулагч этгээд “УИХ-ын даргыг ирчихээд байхад чи яагаад очдоггүй юм бэ” гээд өшиглөөд хөнөөчихлөө. Талийгаач сумын Ардчилсан намын дарга байжээ. Хүн бүхнийг цочирдуулсан энэ хэрэг гарах болсон шалтгаан нь өнөөх “Даргын дайсныг дарж буй хүн баатар болдог юм байна” гэсэн бодол ухамсар муутай буюу хар массад хүчтэй нөлөөлснийх. МАН өрсөлдөгч намуудаа, тэрэн дотроо АН-ыг дайсан гээд гишүүд дагагсдадаа ойлгуулчихдаг бололтой. Энэ нь намын үзэл суртал, намчирхал орон нутагт ямар хүчтэй бугшсаны нотолгоо. Маняг шашин шиг мухар сүсэг болжээ. Өөр намын хүнийг буг чөтгөр, эх эцгийг нь хөнөөсөн хүн аятай үзэн яддаг. Уул нь МАН л тэдний эцэг эхийг хөнөөсөн байх магадлал ихтэй л дээ. Намдаа үнэнч үзэл суртлыг хэчнээн ахан дүүс, төрөл төрөгсөд байсан ч дийлж чадахгүй. Үүний нэг жишээг та бүхэнд хэлье. Гэхдээ энэ бол хамгийн энгийн жишээний нэг л дээ, саяны хүн амины хэргийн хажууд бол. Суманд дипломтой, дээд боловсролтой малчид олон болж байгаа гэнэ. Яасан гэвэл сум орон нутагтаа багшлахаар очсон залуусын удам судрыг нь харж ажилд авдаг байна. Өөр намын гишүүний хүүхдүүд байвал сургуулийн захирал нь “Чи болон танай аав, ээж чинь өөр намынх” гээд орон тоо байсаар байтал огт ажилд авдаггүй гэх мэт. Төр нь “Орон нутагт багшийн хомсдол их байна, суманд очиж ажиллавал өндөр цалин өгнө шүү” гээд уриад байдаг хэрнээ яг хөрсөн дээрээ энэ бодлого хэрэгждэггүй. Шалтгаан нь нөгөө л намын үзэл сурталтай холбогдоно. Энэ бол Монголоо хорлосон, хөгжлөөс нь хойш зулгаасан үнэхээр том тэнэглэл. Тийм болохоор “Даргад таалагдвал хүн алсан ч баатар болдог юм байна” гэсэн хар пиарын үр дүнд ухамсар дорой улсуудын гарт хайран сайхан алтан амь үрэгдчихлээ.

Сүүлдээ энэ үйл явдал МАН сөрөг хүчин, АН эрх баригч байсан юм шиг болж хувирав.

Монгол төрийн сонгууль ийм байж болохгүй. Одоо эрх баригчид галаа зогсоох хэрэгтэй. Гуравхан сая хүн амтай улсад сонгууль хийх гэж дайн болгох нь байна. Сонгууль бол ард түмэн төрийн эрхийг барьж байгаа баяр баясгалан байх ёстой. Харамсалтай нь ард түмнийг босгож, бужигнуулчихсан хар пиар хэтэрхий их явлаа.

Энэ бол асар хор уршигтай. Одоо бараг аль ч нам нь ялсан ялагдсан тал нь хүлээн зөвшөөрч чадахгүй хэмжээнд хүрэх гэж байна. Уур хилэн нь асч, ургуулан бодолт нь идэвхжээд улам л дэвэрнэ. Ингэж явсаар сонгуулийн дараа бослого тэмцэл гаргаж ч мэдэхээр боллоо. Хоёр хуваагдаж байгаад хоорондоо тэмцэлдвэл юу болно гээч. Иргэний дайн болно. Энэ дайныг дарах нэрээр орос цэрэг орж ирэх ч юм бил үү. Казахстанд оросууд яаж орж ирлээ, тэрэн шиг юм болбол яах вэ. Хоёр жилийн өмнө тус улсад өрнөсөн иргэдийн жагсаал цуглааныг намжаах зорилгоор Орос цэргээ оруулж байв. Улсынх нь Ерөнхийлөгч өөрөө эх орондоо гадны цэргүүдийг оруулаад, ард түмнийхээ өөдөөс буудах эрх олгосон гээд бод доо. Яг үүн шиг сонгуулийн дараахь үр дүн ямар байхаас шалтгаалж ард түмэн талцаж байгаад тэмцэлдвэл гадны цэрэг орж ирэхгүй гэх газаргүй шүү дээ. Тэгээд ч “Орж ирсэн орос гардаггүй гэдэг” хэзээний үг бий. Хэрэв ийм үйл явдал өрнөвөл ардчилсан, тайван сайхан эх орон минь гадны харьяат болох шинжиндээ орно. Тэр цагт биднийг ямар хувь тавилан угтах бол гэж эргэцүүлж бодоход гэмгүй. Сонгууль гэдэг бол хэн хэнээ үзэн ядаж, алалцдаг зэвсэг биш. Бид Монгол гэдэг туган дор нэгдэж чадсан нэг л үндэстэн. Хоорондоо дайсагналцаж, хилэнтэх нь хэнд ашигтай гэж. Тэгэхээр одоо аядуу тайван сонгуулиа явуулцгаая. Нийгмийг уруу татаж байгаа хар пиараа зогсооцгоох хэрэгтэй. Учир байдлаа илэн далангүй танилцуулж, шударгаар өрсөлд . Монгол Улс төрөө сонгох гэж сонгууль хийж байна. Хэнийгээ сонгох эрх чөлөөг нь ард түмэнд олгочих. Энэ бол Ардын намыг төр бариулах гэж байгаа сонгууль биш. Хэн төр барих эрхийг ард түмэн л шийднэ. Хэн нэгэн төрийн дээр ирж, монгол хүний амь насанд хүрэх хэмжээнд хүртэл хийрхэж болохгүй. Одоо ингэж хийрхэцгээдгээ ч больцгооё, хэдүүлээ. Үүний тулд МАН-аас явуулж байгаа элдэв хар пиаруудаа эхлээд зогсоох ёстой шүү. Тэгэхгүй бол ард түмэн алалдаад дуусах нь байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *