Categories
мэдээ нийгэм

​Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн IQ-г гурваас дөрвөн оноогоор дээшлүүлдэг

Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллохыг хамтдаа дэмжицгээе” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллох нь буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болж, хүүхдийн дундах өвчлөл ихэсч байна.

Ингэж буурах болсон нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүйд хүрч цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаатай холбоотой хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачид дүгнэжээ.

Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль 11 жилийн өмнө батлагдсан. Уг хуулийг олон улсын жишигт нийцүүлэх замаар шинэчлэн найруулж, 2017 оны тавдугаар сард “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль” болгон баталсан юм. Уг хууль эхийн сүүгээр хооллохыг дэмжих том алхам болсон хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй. Хуулиар эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын шаардлага, зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан байна.

Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд оюуны итгэлцүүр (IQ)-ийг 3-4 оноогоор дээшлүүлдэг.

Эхийн сүүгээр хооллох нь улс орны эдийн засагт шууд болон дам нөлөөтэй. Эхийн сүүгээр хооллосноор хүүхдийн өвчлөл багасч, улмаар тухайн улсын эрүүл мэндийн зардлыг бууруулах ач холбогдолтой.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжүүдийн ажил биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүд, ажил олгогч нар, цаашлаад бодлого тодорхойлогчид зэрэг олон хүмүүс эхийн сүүгээр хооллохыг хөхүүлэн дэмждэг, урам зориг өгөх учиртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *