Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эхийн эндэгдэл өмнөх оныхоос 3 дахин нэмэгджээ

Монгол Улсын Засгийн Газраас эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдэвт нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний IV зөвлөгөөн өчигдөр болжээ. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр танхим болон цахим хэлбэрээр Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооноос зохион байгуулсан энэ зөвлөгөөнд ЭМЯ-ны хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, НҮБ-ын ХАС, Хүүхдийн сан, ДЭМБ, АХБ зэрэг олон улсын байгууллагууд, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, ЭМХТ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүд, өрх, сум, нарийн мэргэжлийн эмч нар, засаг захиргаа, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 180 хүн оролцсон байна.

Эхийн эндэгдэл 100.000 амьд төрөлтөд 89.7 болж өнгөрсөн оныхоос 3 дахин нэмэгджээ

Дэлхийн шинэчлэгдсэн стратегийн гурван гол зорилт нь Эсэн мэнд амьдрал, эрсдэлгүй хөгжил, эргэлтгүй шинэчлэл юм. Энэ асуудлыг дэмжигч улс орнууд “Эмэгтэй хүн бүр, Хүүхэд бүр” хөдөлгөөнийг дэмжин ажилласны үр дүнд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өсвөр үеийнхэн тэд хаана хэрхэн амьдарч байгаагаасаа үл хамааран сэргийлж болох эрсдлээс ангижрах болно гэж үзэж байна. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Алсын хараа-2050, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэгт эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилт, арга хэмжээнүүд хэрэгжиж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгээс үзэхэд нярай болон 1, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт Тогтвортой хөгжлийн зорилтод тусгасан түвшинд хүрсэн байна. Харин эхийн эндэгдлийн хувьд харьцангуй бууж байсан хэдий ч сүүлийн хоёр жилд нэмэгдэж, 2021 оны 9 сарын байдлаар 45 эх эндэж, эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 89,7 болж өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин нэмэгдсэн байна. Эхийн эндэгдэл өсөхөд улс оронд үүсээд буй цар тахлын асуудал нөлөөлж байгаа хэдий ч, хүний нөөцийн бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сул, орны хүрэлцээ дутмаг зэрэг нь зохих нөлөө үзүүлсээр байна.

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.1.1.3 дах заалтад тусгагдсан “эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, Эрүүл мэндийн сайдаар батлуулан хэрэгжүүлнэ гэсэн заалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох шаардлага тавигдаж байна. Энэхүү арга хэмжээний төлөвлөгөөг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах эрсдэлт хүчин зүйлийн тархалт, өвчлөл нас баралтын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар нотолгоонд тулгуурласан бодлого, шийдвэр гарсан байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *