Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байсан тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна.
Тус сумын Шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг тэжээн амьдрах чадвартай болохоор нь энэ оны долдугаар сард байгальд тавихаар болжээ.
Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг хариуцан тэжээж байгаа бөгөөд өглөө оройдоо 500 мл бүлээн сүү, жимс, молоко өгч байгаа аж. Яваандаа идэш тэжээлийг нэмэгдүүлж, мах, борц, оготно хулгана, шоргоолж, зөгийн бал, мөөг зэрэг шаардлагатай хүнс тэжээлээр тэжээх юм байна. Бамбарууш 3 сартай зургаан кг жинтэй, 48 см өндөртэй гэнэ.
Бамбаруушийн эхийг эрэн хайх ажлыг холбогдох хүмүүс хийж байгаа бөгөөд бамбаруушийг өөрөө хоол тэжээлээ олох чадвартай болох хүртэл тусгай торонд хашиж хамгаалах аж.