ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс “Эх яагаад эндэв? 2012-2015” судалгааны дүнг танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрвөн удаагийн хөтөлбөр, Эхийн эндэгдлийг бууруулах” стратегийг 2000-2010 онд, “Эх нярайн эрүүл мэнд” стратегийг 2011-2015 онд тус тус хэрэгжүүлсэн. Эдгээр стратеги, хөтөлбөрүүд хэрэгжсэнээр эхийн эндэгдэл, нэг болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оны түвшинд харьцуулахад дөрөв дахин буурч, эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн юм. ЭХЭМҮТ-ийн эмч, судлаачид үндэсний хэмжээнд эхийн эндэгдлийн тохиолдол бүрийг итгэмжит лавлагааны аргаар гурван удаа нягтлан судалж, дүн шинжилгээ хийн, эрүүл мэндийн салбарын болон олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, бодлого боловсруулагчдыг хэрэгцээтэй, үнэн бодит мэдээллээр ханган ажилласан байна.
Судалгааны дүнг танилцуулах уулзалтын үеэр төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ “Монгол Улс, эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ахиц гарсан хэдий ч энэ үзүүлэлт тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эх хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байна. Өнөөдрийн танилцуулах уулзалт нь Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтоо дүгнэж, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрийн хүрээнд хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр хэрэгжих гэж буй цаг үед болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Иймд ялгавартай байдлыг арилгахад чиглэсэн, эхийн эрүүл мэндийн талаарх нотолгоонд суурилсан, мэдээлэлд тулгуурласан арга хэмжээ төлөвлөхөд энэхүү уулзалтын үеэр гарсан санал дүгнэлтийг анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.