Монгол Улсын Засгийн газрын уриалга, бодлогын хүрээнд “Эртэч, эерэг, эрүүл Монголын төлөө хамтдаа” уриан дор нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, өглөөний гудамж төслийг дэмжин Монголын Үндэсний музей нь соёл урлагийн байгууллагуудаа уриалан түүчээлж энэ удаагийн өглөөний музей үйл ажиллагаагаа “Эх түүхээрээ аялахуй” сэдвийн хүрээнд хийж, жил бүр цувралаар зохион байгуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлүүлж байна.
Өнөөдрийн үйл ажиллагааг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат хөтлөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Насанбат “Эртний сайхан” уртын дуугаар ая дууны мэндийн хадаг өргөж Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал нээлтийн үг хэлж, Соёлын дэд сайд М.Батбаяр баяр хүргэн амжилт хүслээ.
Арга хэмжээний нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ, “Шинэ өглөөг бидэнтэй хамт угтахаар хүрэлцэн ирсэн Улаанбаатарчууд Та бүхэнд намрын дунд сарын шинийн 16-ны энэ тунгалаг өглөөний мэндийг хүргэе!
Соёлын яамнаас музейн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нэр төрлийг олшруулах, шинэлэг агуулгаар баяжуулахад онцгой анхаарч, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Ялангуяа цар тахлын энэ амаргүй цаг үеийг даван туулахад хүмүүст урам зориг өгөх, сэтгэл санааг нь өргөх, шинэ мэдлэг түгээхэд чиглэсэн арга хэмжээг түлхүү зохион байгуулахаар зорьж байгаа юм.
Манай соёл, урлагийн байгууллагын зүгээс салбарын яамны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Хэд хоногийн өмнө Чойжин ламын сүм музейгээс “Шөнийн музей” арга хэмжээгээ цар тахлын нөхцөлд тохируулан зохион байгууллаа. Өнөөдөр Монголын Үндэсний музейгээс “Өглөөний музей” сэдвийн хүрээнд энэ арга хэмжээгээ зохион байгуулж байна. Энэ бол сайхан санаачилга, сайхан түүчээ…, Та бүхэн санаж байгаа, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотод “Өглөөний Улаанбаатар” арга хэмжээг саяхнаас зохион байгуулж эхэлсэн, өнөөдрийн энэ арга хэмжээ нийслэлийн бодлого, үйл ажиллагаатай ч агуулга, хэлбэрээрээ нийцэлтэй арга хэмжээ болж байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. “Өглөөний музей” арга хэмжээ бол хүмүүсийн амьдралын хэв маягт шинэлэг өнгө төрх, дурсамжийг бий болгон, эх түүх, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэгч, хүн бүхний хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чадна гэж итгэж байна. Энэ арга хэмжээг санаачилж, хэрэгжүүлж байгаа Монголын Үндэсний музейн бүтээлч хамт олон болон энэ арга хэмжээг зохион байгуулахад нь музейг дэмжиж тусалсан бүх оролцогчдод ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Уг үйл ажиллагааны үеэр Гамма фото агентлагтай хамтран зохион байгуулж байгаа Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээж хүрэлцэн ирсэн зочдод бягтруулаар тоглуулсан уртын дууны аянд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Гамма агентлагийн захирал С.Цацралт өөрийн биеэр тайлбар, танилцуулгыг хийлээ.
Өглөөний музейн анхны өдөр Монголын Үндэсний музей, Америкийн Нэгдсэн Улсын Смитсоны хүрээлэнгийн хамтарсан археологийн малтлагаар илэрсэн олдвороор бэсрэг үзэсгэлэнг толилуулах, Монголын уламжлалт Халх, Буриад, Дөрвөд, Баяд болон язгууртны хувцас, гоёл чимэглэлийн тайлбар, танилцуулгыг хүргэх, үндэсний хувцасны загвар үзүүлж “Алтай ятга” хөгжмийн зэмсгийг танилцуулж хэрхэн хөгжимдөхийг зааж хөгжим, бүжгийн тоглолт хийх зэрэг хөтөлбөрийн дагуу явагдаж төгсгөлд нь “Алаг мэлхий”, “Үйчүүр” хэмээх ардын тоглоомоор тоглуулах зэрэг боловсрол, танин мэдэхүйн ажил, Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвөөс эрхлэн гаргасан ном, каталоги, эрдэм шинжилгээний цуврал бичиг, сэтгүүл, хэвлэмэл бүтээгдэхүүнийг сурталчлав.
Ирсэн зочид Ардын уламжлалт тойрон бүжгээр бүжиж өндөрлөсөн энэ удаагийн “Өглөөний музей” нь цаашид Мягмар, Пүрэв гарагуудад өглөө 7.00 цагаас тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал хэлсэн юм.