/Vers libre- interpretation/
Энэ цаг үеийн бичгийн их хүмүүн Дамдинсүрэнгийн Урианхай абугай Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж зарласан утга зохиолын уралдааны яруу найргийн төрөлд ХАШААНД МИНЬ БУУСАН ЖУНГААНУУДАД… хэмээх гарчигтай, өөрийнх нь тодорхойлсноор “verslibre” буюу “цагаан шүлэг”-ээрээ оролцож тэргүүн байр эзэлснийг миний бие зүрхлэн тайлал хийхээр зориглолоо.
Философийн хэлбэрдэлт, өвөрмөц метафор/зүйрлэл/ ашигласан эл шүлэг гарчигнаасаа эхлээд сонирхол татна. “Хашаанд минь буусан жунгаануудад” гэж харь нутгаасзочлон ирсэн урилгагүй гийчдийг зүйрлэн хэлсэн бөгөөд жунгаа гэх үгээр альхан гүрний иргэдийг төлөөлүүлж байгаа нь нэн тодорхой ойлгогдож байна.Гэхдээ жунгаа биш жунгаануудад гэж олон тоон дээр илэрхийлснийг анхаарахгүй орхиж болохгүй. Учир нь манай улсын хүн амын 2 хувь буюу түүнээс дээш тооны гадаадын иргэд Монгол улсад суурьшвал энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх тухай үзэл баримтлал бий. Жунгаанууд хэт олширч болохгүй.
Ингээд яаран толгой холбох гэх мэт чамирхаагүй, уран гоё бичихийг хөөцөлдөлгүй, утгын гүнзгийг чухалчилсан, үг бүр нь дотоод хэлэмжтэй 33 мөр чөлөөт шүлгийн утгын товчийг хамтдаа тайлсу.
ХАШААНД МИНЬ БУУСАН ЖУНГААНУУДАД…
Д.Урианхай
Хэдэн жунгаа хашаанд минь буугаад
Хээвнэг, хээвнэг алхлан,
Сахлаг ургасан өвс, ногооноос нь
Сандралгүй, юухан нэгийг эрнэ.
Эрсээр, эрсээр олно, хурдан хурдан тоншино,
Эцэлгүй, нисэлгүй, намайг ч тоолгүй,
Их удаан тухлана..
Инээдтэй, ихэмсэг жунгаа шувууд аа. .
Эзэмшил хашаанд нь буугаад,
Эзнийг нь танихгүй байх чинь яах вэ,
Мэнд мэдэхгүй байх чинь ч яахав,
Мэнз, Кунз, Лаозы, Маркс
Чингис хаан, Урианхай найрагч гэж,
Чиний мэдэхгүй чинь буруугүй ээ..
Таалж буусан газар шороо чинь
Тагдаганаж алхалж олз олсон
Сахлаг, онгон өвс ногоо чинь, харин
Их Монгол Улсын эзэмшил,-
Миний хайртай хөрс шороо
Мөнхийн үржилт өвс, ногоо шүү,
Тэнгэрт нисэхдээ ч, газарт буухдаа ч,
Бүү мартаарай..
Үргэлж ирж, хашаанд минь бууж байгаарай,
Үр тариаг маань л битгий сүйтгээрэй..
Монгол бид харамын сэтгэлгүй, айлтгүй ээ,
Мориор давхиж дэлхийг айлгасан ч
Шувууд хэзээ ч айлгахгүй,
Хайртай бүгддээ л гагцхүү амиа тавьж,
Хамгаалан тулалдах цаг тулвал,
Баатар зориг, хүчээ
Батлан алалддаг юм шүү,
Дэлхий дээгүүр нисэхдээ
Бусад жигүүртэддээ захиарай..
2021.08.1-2 Шаддүвлин “Богд хад
НЭГ. ЭДИЙГ ШҮТЭХ ҮЗЛЭЭС УХАМСРЫН ГОО ЗҮЙД ТЭМҮҮЛЭХ ТУХАЙ ӨНГӨРСӨН ЦАГ
Хэдэн жунгаа хашаанд минь буугаад
Хээв нэг, хээв нэг алхлан,
Сахлаг ургасан өвс ногооноос нь
Сандралгүй юухан нэгийг эрнэ.
Тэргүүн мөрөнд харийн этгээдүүд урилгагүй зочлон ирснийг өгүүлэх ба “хашаанд минь” гэдэг нь зохиогч Монгол эх орноо өөртөө улам ойртуулан хамаатуулж хашаа хэмээн багасгал зүйрлэл хэрэглэсэн байна. “Хээв нэг, хээв нэг алхлан” огт ажиг сэжиггүй, өөрийн эх оронд байгаа мэт дураараа байх гийчид бээр сахлаг ургасан өвс ногооноос маань сандралгүй юухан нэгийг доншуучлан эрж эх орны минь элбэг баян эрдэнэс, үнэт ашигт малтмал, атар онгоноороо тогтоцтойүзэсгэлэнт байгалийн нөөцөд шунахайран хүйтэн сэтгэлээр онгичин сүйрүүлж буйг шууд хэлжээ.
Эрсээр, эрсээр олно, хурдан хурдан тоншино,
Эцэлгүй, нисэлгүй, намайг ч тоолгүй,
Их удаан тухална.
Үнэрлэн шогшиж олсон эрдэнэс баялгаа маш хурдан өмчилж өвөр түрийгээ сагуулан, уугуул оршин суугчдад нь ч өчүүхнийг эс хүртээн өөрийн болгож, уул талыг амирлуулалгүй, эцэж цуцалгүй цөлмөн зөөвөрлөж, эргэж харьж буцахыг үл огоорон алтан ургийнхны хөнжлийг сөхөж эхнэр хүүхэд хүртэл эндээс авч цайгаа аягалуулж, цамцаа угаалган, эд хөрөнгөөр бялхан эздэд нь хүндлэлгүй хандаж, үл тоомсорлон ихэмсэглэн баярхаж байгааг:
Инээдтэй ихэмсэг жунгаа шувууд аа..
Эзэмшил хашаанд минь буугаад,
Эзнийг нь танихгүй байх чинь яахав,
Мэнд мэдэхгүй байх чинь яахав,
Мэнз, Кунз, Лаозы, Маркс
Чингэс хаан, Урианхай найрагч гэж
Чиний мэдэхгүй чинь буруугүй ээ… хэмээн хүлцэнгүйгээр өрөвдөн уучилж. Мэнз, Кунз, Лаозы, Маркс нарыг мэдэхгүй байна гэдэг нь ерөөсөө мэдлэгийн гоо зүй, шинжлэх ухааны ёс суртахуун, соёл, хүмүүнлэг үзэл гэдгийг та нар мэдэхгүй, өөрсдийнхөө ч өмнөх эртний түүхэн сэтгэгчдийн гүн ухаантай танилцаагүй,зөвхөн тоншигч, идэгч, шунагч харанхуй этгээдүүд бөгөөд ердөө л эд зүйл, материаллаг хогшлыг голчлон шүтдэг, Чингэс хааны хүч чадлын жинхэнэ уг үндэс, сүр хүчний зорилго, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг-үнэ цэнийг ойлгодоггүй, мэдэрдэггүй өчүүхэн сул дортой этгээдүүд та нар Урианхайн цээжний нөмөр хийгээд энэрэнгүй оюун санааны уужим аглагийн хаана ч хүрч чадахгүйг бардам өгүүлсэн буй.
Энэ нь дан ганц жунгаануудад хамаатай биш шинэ цаг үеийн зарим залуус, эрх тушаалд хүрсэн элдэв сэтэртэнгүүд эд мөнгийг шүтэх үзэлд хэт автаж байгаа бөгөөд байгалийн нөөцөд түшиглэсэн эдийн засгийн үйлдвэрлэлийн бүтээмжийн гол зорилгыг орхигдуулан нэг хүн, нэг бүлэглэлийн, эсхүл харь этгээдийн захиалга дор ажиллагч халх Монголын зарим хүмүүс хээрийн чонотой нийлсэн хотны ноход адил өөрийн буянт сүргийг өрөөлтэй хавсран дайрч багалзуурдан өл залгаж, өнгөлзөгчдөд хоол зуучилж буйг шүүмжлэн, даруй зөв чигт эгээрэн үүнийгээ засамжлан залруулж гэгээрүүштэйг сануулаад энэ бүх алдаа өнгөрсөн цагийн хөлд хоцорч буйг өгүүлжээ.
ХОЁР. УЛАМЖЛАГДАЖ ИРСЭН МОНГОЛЫН БАЯЛАГ
МОНГОЛ ХҮНИЙ ӨВ БАЙХ ТУХАЙ ОДОО ЦАГ
Таалж буусан газар шороо чинь
Тагдагнаж алхалж олз олсон
Сахлаг, онгон өвс ногоо чинь, харин
Их Монгол улсын эзэмшил,
Миний хайртай хөрс шороо
Мөнхийн үржилт өвс ногоо шүү
“Тагдагнаж алхалж” – Хэнийг хэлээд байгаа нь илэрхий нүдэнд харагдаж байна бус уу. Тэдгээр “жунгаанууд” улс төрчид, ухвар мөчид хүмүүсийг мөнгөөр урхидаж, мэхэлж, арга заль ов зохиож, авлигадаж орхиод лиценц, газар нутгийг минь өмчилж, эзэмшин өөрийн зоргоор захиран зарцуулж байгааг харж эмзэглээд: “таалж буусан газар шороо чинь/Монгол/, тагдагнаж олсон олз”, Сахлаг онгон өвс ногоо/Монголын арвин их онгон байгалийн нөөцийг хэлж буй бөлгөө/. – “Энэ бүхэн Их Монгол улсын эзэмшил юм шүү” хэмээн эзэн хүний ёсоор өмчөө харамлаж хамгаалсан нь хэнд ч ойлгомжтой. Мөнхийн үржил шимтэй, өсөн дэлгэрэх энэ их байгалийн нөөц зөвхөн Монгол хүн, түүний үр хүүхэд, хойч үед бүрэн бүтнээрээ өвлөгдөх ёстой.Өргөн утгаараа бол Байгаль нуурын хойд эргээс өмнөх Цагаан хэрэм хүртэлх өргөн уудам нутаг тэр чигтээ Монгол угсаатны түүхэн өмчлөл байсан, цаашдаа ч Монгол хүний сэтгэлийн эрхшээмжид хамаарах заяатай гэдгийг хэлрүүн.
Тэнгэрт нисэхдээ ч, газарт буухдаа ч,
Битгий мартаарай… хэмээн тэдэнд эрс шулуухан сануулаад:
Үргэлж ирж хашаанд минь бууж байгаарай хэмээн нүүдэлчин түмний “өлссөнийг цатгаж, ангасныг ундаалдаг” заншлаар зочлоод, бодь сэтгэл, эв хамтач ёс, дэлхийч зан төрхөөр дайлаад, Үндэсний өвөрмөц соёл, зан заншлыг минь хүндэтгэн судалж, атар онгон байгалийг минь мэлмийгээрээ хүртэн таашаал авах эрхийг бэлэглээд цааш нь:
Үр тариаг минь л битгий сүйтгээрэй… хэмээн үндсэрхэж, анхааруулан захисан нь хөрс шороо хийгээд үр удам ариун байх ёстойг, цус холилдож бохирдох ёсгүйг адилтгал ашиглан шүлэглэжээ. Нангиадуудын аль эртнээс баримталж ирсэн: “Монголын хөрсөнд нь тариа, хүйсэнд нь үр цацах” бодлогыг хориглож Манж чин улсын хуульд нангиад иргэдийг Монгол хүнтэй гэр бүл болохыг хориглосон хатуу заалт мөрдөгдөж ирсэн гэдэг. “Охид ариун бол төр ариун” хэмээн эцэг өвгөд сургамжилж үр үндсээ харийн цустай хольж удмын голомтоо сэвтээж, ургийн залгамжлагчаа сааралтуулахгүй байх талаар сэрэмжилж,Хотгойдын Шадар ван Чингүнжав “Төр үр хоёр минь мөнх оршиг” хэмээн чин хүслийн ерөөлөө зарлигласан зэрэг олон олон номлолуудыг найрагч бээр огтлолцуулан нэгэн мөрөнд оршоож багтаасан нь газар шороо болоод Монгол хүний удмын сангийн аль алинд нь санаа зовниж харийн зочид гийчид та нартай худ ураг барилдахгүй ээ гэдэг үндэсний үзэл, удмын ёсоо дээрх мөрөөр гэрээслэжээ.
Монгол бид хармын сэтгэлгүй, айлтгүй ээ
Мориор давхиж дэлхийг айлгасан ч
Шувууд/-ыг/ хэзээ ч айлгахгүй, хэмээн “юу байна түүгээрээ дайлдаг”, эрлийн хүний эцсэн унааг юүлж аргамгаараа сольдог” өгөөмөр нүүдэлчин соёл уламжлал, сэтгэлгээний үнэт зүйлээ идэрхийлээд, “морин туурай, Хар сүлдний доор дэлхийн дайдыг бөхийлгөсөн”Богд дээдсийн агуу түүхээрээ омогшоод, “шувуудыг хэзээ ч айлгахгүй” хэмээн энхтайванч найрамдалч үзлээ зарлаад, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг санаж, их дэлхийг ямагт хайрладаг байгаль шүтсэн тэнгэр шүтлэгээрээ наминчилжээ.
ГУРАВ. ИРЭЭДҮЙ ЦАГ АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ,
СОНСТУГАЙ
Хайртай бүгддээ гагцхүү амиа тавьж,
Хамгаалан тулалдах цаг ирвэл,
Баатар зориг, хүчээ
Батлан алалддаг юм шүү,
Дэлхий дээгүүр нисэхдээ
Бусад жигүүртэддээ захиарай…
Монгол хүний хайртай зүйл бол өөрийн амь нас, гэр бүлээсээ илүү хайрладаг эх нутаг, газар шороо. Хүн гүрний хаан Модун Шаньюй өмнөдүүдэдийн шахалтанд орж хайртай хүлэг морь, хайртай үзэсгэлэнт хатнаа өгдөг, харин дараа нь тэд улам давраад “нэг уул өг” гэхэд “эх нутгийн минь дөрвөн зүг, найман зовхисоос эрхий дарам газрыг ч бурхан гуйсан ч бүү өг” хэмээгээд Дорнод Ху нарыг уулгалдаг. Энэ түүхийг дээрх байдлаар шүлгийн хэлбэрт оруулаад “дэлхий дээгүүр нисэхдээ бусад жигүүртэддээ захиарай” хэмээн анхааруулсан нь “Мөнх тэнгэрийн доор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болбоос аюутугай, биширтүгэй, сонстугай” хэмээн засагласантай агаар нэг сонордуулан зарлиглажээ.
Найрагч бээр Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн өмнөөс сэтгэж, “билгүүнийг шүтэн биширсэн” философилог чанар, агшны сэрэл мэдрэмжийг илэрхийлэн ээлжит “БИШҮБИ – vers libre” – ээ бүтээсэн байна. Уг бүтээл нь иргэний эх оронч үзэл хийгээд хүний элдэв араншинг илэрхийлэхдээ чөлөөт арга барилаар яруу найрагчилсан хэлбэр юм.
Энэ шүлгийг уншихад үг бүр нь утгатай, мөр бүр нь өгүүлэмжтэй, бадаг бүр нь сургамжтай агаад элдэв зочид гийчидтэй зэрэгцэн амьдарч буй бид зарим нэгэн зүйлийг санаж сэрэхэд дуудсан ухаарууштай, улмаар жигшмээр, тэгснээ босож тэмцмээр иргэний зориг өөд уриалан дуудаж байна. Энэ шүлгийн утга санаа бүхэлдээ эх орон, газар шороогоо харамлаж, өмөөрөх, өмгөөлөн хамгаалах үзэл санааг аядуу зөөлөн, хүлээцтэй атлаа агуулга гүнзгий, чөлөөтэй, хүчтэйгээр илэрхийлсэн ажгуу. 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш сүүлийн 100 жилийн турш оюун санааны тусгаар тогтнолын манаанд зогссон эх орончдод тэрбээр “дохио” дамжуулж энэ бүтээлээ туурвижээ.
Утга зохиолыг шүүмжлэхээ больсон. Яагаад гэвэл энэ бол сэтгэлгээний бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг ардчилсан нийгэм билээ. Ертөнц үзэл суртлын 2 туйлд хуваагдсан өмнөх цаг үед социалист ертөнцийн улс орнууд уран зохиолыг улс төрийн үзэл суртлын зэвсэг хэрэгсэл болгож, нийгмийн тархийг угааж залах, муйхраар итгэн үнэмшүүлэх, үзэн ядуулах зэрэгт ашигладаг байх үед зарим уран бүтээл болоод уран бүтээлчийг хорьж, цензурдаж, шүүж буруутгадаг байсан.
Утга зохиол, уран зохиол хоёр өөр гэсэн үзэл баримтлал ч бий. Энэ бүтээл бол утга зохиол мөн. Утга зохиолыг судалдаг, шинжилдэг ба мөн тайлал зүйн кодоор тайлдаг, түүнээс шүүдэггүй, шүүмжилдэггүй, буруутгаж хорьж болохгүй. Д.Урианхай найрагч бол сэтгэл дэх хорын үндэс нь тасарч, үзгэндээ гэгээрсэн, эрч хүчтэй сэтгэн туурвигч болох нь “Би нүүдлийн цахилгаан станц”, “Бид-дотоод шаталын хөдөлгүүр” гэх зэрэг энгийн метафор адилтгалуудаас нь харагддаг. Хаалттай ертөнцийн үед уран бүтээлийнхээ үзэл санаанаас болж хавчигдаж шахагдаж, ганцаарчилсан хөдөлгөөн өрнүүлж ирсэн уран бүтээлч гэдэг ба түүнээсээ болж “нууц код”-оор туурвих арга барилтай болсон нь мэдээж. Тэрхүү нууц код нь хувь сэтгэгчийн уран бүтээлээ утга төгөлдөр туурвих хэв заншил, өвөрмөц арга барил болж “гүн ухааны дохио” дамжуулах хэрэгсэл нь болон хөгжжээ.
ХАШААНД МИНЬ БУУСАН ЖУНГААДАД…
Энэ шүлэг эдүгээ бидний амьдарч буй нийгэмд “дохио” өгч байгааг та нар анзаарсан биз ээ?
Эл тайлал зүйн найрууллыг бичихдээ утга зохиол судлаач Я.Баяраагийн “ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ: ҮЙЛ ГҮЙЦЭЛДЭХҮЙ ХИЙГЭЭД ЯРУУ НАЙРАГЧ” нийтлэлээс зарим нэр томьёог иш татсанаа дурьдах нь зүйтэй.
Ц.ЧОЙЖАМЦ
Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Дуурлиг.