Зургадугаар сар дундаа орчихлоо. Өвс ногоо халиурч, цэцэгс өнгөө гайхуулан найгах зуны ид цаг л даа, уг нь. Гэтэл байгаль дэлхий гуравдугаар сараараа гандуухан. Модноос өөр ногоорох юмгүй халуу шатсан өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын 60 хувь нь гантай гэж цаг уурчид мэдээлээд эхэллээ. Нийт нутгийн талаас илүү хувь нь хур царайчлан гандуу байгаа энэ үед түймэр гэж том асуудал толгой өвтгөж байна. Товчхондоо эх орон шатаж байна. Ой мод, тал хээргүй түймэрт өртжээ. Онцгой байдлын ерөнхий газрын өчигдрийн мэдээгээр Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийтдээ 96 удаагийн ой, хээрийн гал түймэр дэгджээ. Халуу шатсан өдрүүдэд хүрээгээ тэлж буй түймэр бараг 40 мянган га ой, гучин мянга орчим га хээр талыг сүйдэлсэн гэх тооцоо гарчихаж. Яг өдийд Сэлэнгийн Ерөө суманд хоёр түймэр, Хэнтийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Булганы Тэшигт тус тус нэг түймэр дэгдэж байна. Нийслэлийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт нэг Хан-Уул дүүрэгт хоёр түймэр улалзаж байгаа гэсэн мэдээг Онцгой байдлын газраас авлаа. Түймрийн голомтод 306 албан хаагч, 25 автомашинтай ажиллаж байгаа юм билээ. Сайн дураараа түймэр унтраахаар очсон иргэдийн тоо зуу гаруйхнаар тоологдож байна. Түймрийн аюул иймдээ хүрчихээд байхад нийтээрээ сонгуулиас өөр зүйлд анхаарахгүй яваа нь бас л сонин сэтгэлгээ, хачин хандлага шүү.
Ууланд сайн дураараа очсон 100 гаруйхан хүн, гэрэл зургийн хоббигоороо олонд танигдсан М.Зоригтоос өөр түймэрт санаа зовсон хүн алга. Зоригт л ууланд явдаг жижиг машинаараа хэдэн канистр ус хүргэж өгснөө фэйсбүүктээ постолсон харагдсан. Ой, хээрийг сүйдэлж байгаа түймрийг унтраахаар өдөр, шөнөгүй ажиллаж буй залууст туслахаар очсон санаа нь хөөрхөн л дөө. Гэхдээ түүний аваачсан цөөхөн канистр ус халуу шатсан өдөр хөлсөө цувуулан ажиллаж яваа залуусын амны цангааг ч бүрэн тайлж чадахгүй нь бодит үнэн. Фэйсбүүк, твиттерт түймрийн элдэв зураг оруулж, санаа зовсон үгс урсгаж суугаа хүмүүс хэдэн мянгаараа харагдах юм. Гэхдээ компьютерийнхээ араас босч, гар утсаа халааслаад хувин ус барин Богд руу зүглэж байгаа нь зуу гаруйхан. Уг нь нийслэлчүүдийн хорь, гучин хувь нь хувин ус бариад түймэр унтраахаар явбал галын аюул ингэтлээ өсөхгүй, дор нь цурманд оруулах боломжтой. Өнөөдрийн бодит байдал гэвэл онцгой байдлын хэдэн залуу л машинаас өөр зэвсэггүй нүцгэн гараараа түймэр унтраахаар нойр, хоолгүй зүтгэж явна. Уулын түймрийг дарахад гал авалцаж буй хэсэгт ус хүргэнэ гэсэн том зовлон онцгойгийнхонд байдаг.
Хөгжилтэй, бодлоготой улсад бол онгоцоор унтраачихдаг ч манайх онгоцгүй учраас хувинтай ус бариад уул өөд хөлсөө урсган алхдаг. Гал унтрааж болохоор цөөхөн онгоцыг нь сонгуульд нэр дэвшигчид хөлсөлсөн шигээ аж төрж байна. Гал унтраах арга барил, технологи маань өчнөөн жилийн хугацаанд өөрчлөгдөлгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун ч гэлээ үнэн. Онгоцтой түймэр унтраасан нэг түүх бий. Тээр жил Сэлэнгэд болсон түймрийг унтраахаар яваад осолдсон залуус хэцүүхэн, хуучин онгоцтой явж байсан юм. Нэгэн даргын буруу шийдвэрээс болж олон сайхан залуу харамсалтайгаар амиа алдсан тэр өдөр л онгоцоор түймэр унтраахаар явсан болов уу. Ойн түймрийг, том талбай хамардаг хээрийн улаан галыг цаг алдахгүй цурманд оруулъя гэвэл онгоцоор унтраахаас аргагүй. Гэтэл бид онгоцгүй явсаар өнөөг хүрсэн. Сэлэнгэд гарсан тэр жилийн айхавтар түймрийн үеэр ямар ядруу байсан яг тэр хэвээрээ л байна.
Халуу шатсан өдрүүдэд уул, хээрт түймэр дэгдсэнээс гадна том обьектууд ч галд өртөж эхэллээ. Долоо хоногийн өмнө хотын захад ноолуурын нэг үйлдвэр шатсан дуулдсан. Уржигдар гэхэд үндэсний том үйлдвэр “Говь”- ийн хамгийн том обьект галд автлаа. Гал сөнөөгчдийн эхний хэсэг уг нь утаа дөнгөж уугиж байхад очсон юм билээ. Ус хүрэхгүй болохоор нь тэр компаниас тэгж усаар тусаллаа гэж ирээд мэдээлж байна. Ядаж л усны асуудлаа зохицуулаад очиж болмоор. Эхний 30 минутанд ус цацлаа, дуусах үед нь дараагийн ээлжийн ус ирчихсэн байх ёстой гэдэг төлөвлөгөө уг нь тийм нарийн тактик биш санагдах юм. Энгийн л нэг арга хэмжээ. “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв шатах үед ч яг ийм асуудлаас болж тэр том обьектоос юу ч үлдэлгүй шатсан түүх бий. Бүхэл бүтэн улс байж галын аюулыг амбаар сав, амины орон сууц мэтхэнээр хэмжиж болохгүй л дээ. Том обьектуудын галыг унтраах нарийн тактик төлөвлөгөө, техник технологи, хүн хүчтэй, тов тодорхой бодлоготой байх учиртай.
“Алтжин Бөмбөгөр” худалдааны төв шатсанаас хойш Онцгой байдлын хэчнээн дарга солигдсон билээ. Гэтэл ядруухан зутруухан хэвээрээ, хэдэн гал сөнөөгчдөө улаан гал руу нүцгэн оруулах нь холгүй явсаар өнөөг хүрсэн байх юм. “Говь” үйлдвэрийн обьект шатахад 150 хүн гал унтраахаар цаг наргүй ажилласан гэж дуулдсан. “Говь”-д гал гардгийн өмнөх өдөр нь Лондонгийн хориод давхар том барилгад гал авалцсныг уншигчид санаж байгаа байх. Тэр том обьектын галыг унтраахад 150 хүн ажилласан гэсэн мэдээллийг дэлхийн мэдээллийн агентлагууд цацна лээ. Ганц байшингийн дээвэрт гарсан галыг 150 хүн, бүхэл бүтэн том барилгад яах ийхийн зуургүй дэгдсэн улаан галыг 200 хүн унтрааж байна гээд харьцуулаад бод доо. Английн гал сөнөөгчид сайн, манай залуус чадвар муу учраас ийм том ялгаа ажиглагдлаа гэвэл хэтэрхий өрөөсгөл, гэнэн дүгнэлт болно. Манай гал сөнөөгч, аврагчид хамаг л чадал чадвараараа ажилладаг. Тэд Английн гал сөнөөгчдөөс техник хэрэгсэл, сургалт дэмжлэгээр л ялгардаг. Онцгой байдлын залуус гэхэд хэд хоногоор ой, хээрийн түймэрт явахдаа бэлэн гоймон цүнхлээд гэрээсээ гардаг, багаж техник гэх юмгүй нүцгэн гараараа галтай нүүр тулдаг. Гал сөнөөгчид ч ялгаагүй. Ямархуу хэцүү нөхцөлд аюултай нүүр тулдгийг “Говь”-д гарсан гал харуулаад өглөө.
Уг нь салбар салбарын сайд нар салбар салбарынхаа ажлыг хийх ёстой. Гэтэл ингэж бодож, сэтгэж, ажиллаж байгаа дарга байна уу? Бараг алга гэчихэд бодит үнэнээс зөрөхгүй. Онцгой байдлыг хариуцсан сайд, дарга нь гэхэд л том обьектод түймэр гарвал яах вэ, гантай жил ой, хээрт түймэр дэгдвэл ямар техник, хүн хүчээр ажиллах вэ гэдэгт толгойгоо гашилгах учиртай. Яг одооны байдлыг анзаарахад том түймэр, галын аюулд ажиллах төлөвлөгөө, сургалт, техник технологи бидэнд алга.
Манайханд нэг алдаатай ойлголт, буруу хандлага бий. Ямар нэг салбарын дарга, сайд гэхээр л гоё нарийн бичигтэй, гоё хослол, гоё цагаан цамцтай, гоё ширээний ард тухлахын нэр гэж ойлгоод байдаг. Уг нь дарга, сайд гэдэг огт өөр утгатай эд. Бодлого нь зөв улсад бол тухайн салбарынхаа аж ахуйг хариуцдаг хүмүүсийг дарга гэж ойлгодог.Тэнд арай сийрэг сэтгэдэг хүмүүсийг дарга гэж хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь Батлан хамгаалахынхан цэргийн сургуулиа сайн хийх ёстой. Тэр салбарыг хариуцсан сайд дарга нар нь ч ялгаагүй. Цэргийн сургуулилт явагдаж байгаа газарт ажиллаад явж байх учиртай. Салбарынхаа зовлон, жаргалтай нүүр тулж байж л асуудлыг нь шийднэ гэдэг бол хэн ч бодоод олчих энгийн гаргалгаа.Онцгой байдал хариуцсан дарга удирдлагууд өдийд түймрийн захад очоод зогсох хэрэгтэй. Түймрийн гал, утаанд нүүр нь халтайчихсан, хөлс нь урсчихсан явж байгаа бол тэр хүн жинхэнэ Онцгойгийн дарга. Дахиад хэлэхэд дэлхийн мундаг улсууд ийм хүнийг дарга гэж ойлгодог. Тэгж байж л ямар ч багаж техникгүй нүцгэн гараараа ажиллаж буй ажилтнуудынхаа зовлонг мэдэрнэ. Ингэж байж салбараа шинэчлэх, хөгжүүлэх гарц шийдлийг олно. Дэлхийн улсуудад дарга нар ингэж л ажилладаг. Түүнээс биш юун цагаан цамц, гоё зангиа. Манайхан шиг ширээний ард цомцойж суугаад өөрийнх нь данс руу орох мөнгөний шилжүүлгэд гарын үсэг зураад суух хүнийг дарга гэж ойлгодог улс цэнхэр гаригт тун цөөхөн. Хөгжлөөрөө уруудсан, дээр дооргүй авлигад идэгдсэн ядруухан хэдэн улс л ийм “гоё” дарга нартай.