Categories
мэдээ нийгэм

“Эх дэлхийн цаг” арга хэмжээ боллоо

Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Эх дэлхийн цаг” арга хэмжээ энэ сарын 24-ний бямба гаригт Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээг дэлхийн 180 гаруй улс орны 8000 гаруй хотууд жил бүрийн гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг ба айл өрх, албан байгууллагууд нэг цагийн турш гэрлээ унтрааж байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж нэгддэг юм.

Арга хэмжээнд өөрсдийн хувь нэмрээ оруулж нэг цагийн турш гэрлээ унтрааж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдсэн Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчын ажлын алба, түүний харъяа байгууллагууд, Шангри-Ла Улаанбаатар ХХК, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Улаанбаатар хотын банк, Монголын үндэсний музей, Бродвэй сүлжээ ресторан, Голомт банк, Монголын хөрөнгийн бирж, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Дуурь бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөө, “Блю Скай Эйжиа” ХХК зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

“Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, “Зориг сан”, ”Байгаль орчны манлайлал” ТББ, Ариг банк хамтран Монгол Улсад 10 дахь жилдээ зохион байгууллаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *